Уонг Чу Луу: Вьетнам-Монголын парламентын хамтын ажиллагаа эрчимжиж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРХАНОЙ. /vietnamnet/. Вьетнамын Үндэсний ассамблейн дэд дарга Уонг Чу Луу Монголын УИХ-ын дарга З.Энхболдтой энэ сарын 21-нд Улаанбаатар хотод уулзахдаа хоёр улс бүх түвшний харилцан айлчлал тогтмолжсоноор хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа урагшилж байна гэж мэдэгджээ.
Тэрбээр хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа үр өгөөжтэй байгааг онцлоод, үндэсний тусгаар тогтнолынхоо төлөөх Вьетнамын ард түмний тэмцэлд Монголын Засгийн газар, ард түмний үзүүлсэн тусламж, дэмжлэгийг бид үргэлж өндрөөр үнэлж байдгийг дурдлаа.
Өнгөрсөн жил Ханой хотод болсон “IPU-132” ассамблейн уулзалтад Монгол Улс өндөр түвшний төлөөлөгчдөө илгээсэнд талархаж байгаагаа тэрбээр илэрхийлээд, хоёр орны аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон вьетнам иргэдийг Монголд ажиллаж, амьдрахад нь дэмжлэг үзүүлэхийг УИХ-аас хүсчээ.
Мөн тэрбээр хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монголын Засгийн газар тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ нь хоёр улсын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр болсон гэж мэдэгдсэн байна.
Үүнээс гадна АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангах болон Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулахад Монголын тал ихээхэн үүрэгтэй оролцож байгааг тэрбээр онцолжээ.
Хариуд нь УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ "Монгол Улс эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, соёл, боловсрол гээд бүх салбарт Вьетнамтай харилцаагаа хөгжүүлэх хүсэлтэй байна" гэж мэдэгдээд "Ази-Номхон далайн хамтын ажиллагааны байгууллага (APEC), Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт (EAS) зэрэг бүс нутгийн байгууллагад нэгдэх болон АСЕАН-ы гишүүн орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд чиглэсэн Монголын талын хүчин чармайлтад Вьетнамын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Д.Нямтулга