Түүхий эдийн зах зээлд хүнд үе эхэлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-04-29 14:46:21

БАНГКОК. /Nikkei/. Түүхий эдийн зах зээлийн хувьд сайн сайхан цаг ирээд одсон бол одоо харин хүндхэн үе дөнгөж эхэлж байна.

Түүхий эд бүрийн хувьд супер мөчлөгийн үе байдаг бөгөөд энэ нь 10 жилийн хугацаатай үргэлжилдэг. Үүнээс цааш энэ байдлаа хадгалах боломжгүй юм. Эрэлт бага, нийлүүлэлт илүүдсэн энэ цаг үед өөрчлөгдөнө гэх магадлал бараг үгүй. Олон орон, олон компаниудын хувьд энэ нь дасан зохицох эсвэл нуран унах сонголтыг л үлдээнэ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд түүхий эдийн зах зээлийн нөхцөл байдал Монголд шуурга дэгдээж, хөгжиж буй зах зээлийг амжилттай цэцэглүүлэх хүчин чармайлтыг талаар болгосон юм.

Гадаадын хөрөнгө оруулалт буурсны зэрэгцээ БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш унасан нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн нь нууц биш гэж Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөрөвдүгээр сард Хонконгт айлчлахдаа мэдэгдсэн.

Азийн Хөгжлийн банк өнгөрсөн сард Монголын эдийн засгийн өсөлт 2016 онд 0.1 хувь болж буурна гэж таамагласан. 2011 онд эдийн засгийн өсөлт нь 17 хувьтай байсантай харьцуулахад энэ нь Монголын хувьд хүнд цохилт юм. Үүнээс гадна Монголын экспортын дийлэнх хувийг бүрдүүлэгч зэс, нүүрс, түүхий нефтийн ханш дэлхийн зах зээлд унасан нь тус улсын хувьд аз харьсан хэрэг боллоо.

20 дугаар зууны сүүлч үе хүртэл Монголын иргэдийн ихэнх нь өргөн уудам хөдөө орон нутагт мал маллаж амьдардаг байсан. Харин 2000-аад оны эхээр Монгол түүхий эдийн тэсрэлтийн үед орсон нь магадгүй дэндүү эртэдсэн хэрэг болов уу. Монголын ДНБ-ий тал хувийг экспортоос бүрдүүлдэг бөгөөд экспортынх нь 80 гаруй хувийг уул уурхайн түүхий эд эзэлдэг байна.

Монгол Улс эрдсийн нөөц баялгаа ашиглахаар яаравчилсан нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалыг татаж, улмаар эдийн засгийн өсөлт нь, ялангуяа, уур уурхай, түүнтэй холбогдох салбарууд болон хотууд дахь үл хөдлөх хөрөнгийн салбарт нөлөөлсөн.

“Эдийн засгийн өсөлт тэсрэлтийн үедээ орох үед гадаадын хөрөнгө оруулалт ДНБ-ий 40 хувьд хүрч байсан боловч хөөс хагаран замхран одоход гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 онд ДНБ-ий хоёр хувьтай тэнцэхээр хэмжээнд хүрч буурлаа. Бэлэн мөнгөний урсгал хатаж ширгэсэн” гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал ярьж байна.

Худалдаа ба хөгжлийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын мэдээллээр бол, 2012-2013 онд хөгжиж буй 135 орны 63-ынх нь хувьд нийт экспортынх нь 80 гаруй хувийг түүхий эд бүрдүүлж байжээ. Хөгжиж буй орнуудын “БРИКС” холбооны гишүүн Бразил болон Өмнөд Африк нь хэдхэн жилийн өмнө хөрөнгө оруулагчдын хайрыг татсан орнууд байсан боловч эдгээр улсын уул уурхайн салбар уналтад орж, эдийн засгийн хямралд автаад байна. Түүгээр ч зогсохгүй Канад, Австрали зэрэг хөгжингүй орнууд хүртэл уул уурхайн тэсрэлтийн дараах шарталтад ороод байна.

20 дугаар зууны эхэн үеэс түүхий эдийн гурван супер мөчлөг буюу ханшийн өсөлтийн үе байсан бөгөөд хамгийн сүүлд 2011 оноос 2014 оны эхэн үе хүртэлх хугацаанд түүхий эдийн үнэ ханш оргилдоо тултал өсчээ. Гэвч 10 гаруй жил үргэлжилсэн түүхий эдийн ханшийн өсөлтийн араас уналтын үе залгалаа.

Д.Нямтулга

 

 

 

関連ニュース