Энэ сард аймгийн хэмжээнд гурван удаагийн ой, хээрийн түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-28 12:32:41

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 04 дүгээр сарын байдлаар 3 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна. Тухайлбал, 03 дугаар сарын 24-ний өдөр Булган сумын Тамир багийн Их тээл, 04 дүгээр сарын 06-ны өдөр Булган сумын Тусгалт багийн Улиастай хэсэг мод, 04 дүгээр сарын 22-ны өдөр Батцэнгэл сумын Баянбулаг багийн Агьт гэх газар ой, хээрийн түймэр гарч, онцгой байдлын албан хаагчид, нутгийн иргэд нийлсэн 114 хүн, 17 машин, техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраалаа. Түймрийн улмаас 62 га ой, хээрийн талбай шатаж, байгаль экологид 15,0 сая төгрөгийн хохирол учирсан байна. 

Жил бүрийн хавар, намарт ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгддэг. Ойн тухай хуулинд зааснаар тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

Иймд ИРГЭН та ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд:

         -Хавар, намрын хуурайшилттай үед цогтой халуун үнс нурмаа битүү тагтай сав, тусгайлан бэлтгэсэн нүхэнд хийх

         -Өнжмөл өвс, хог, өтөг бууцаа шатаахгүй байх

         -Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх

        - Бага насны хүүхдийг шүдэнз, асаагуураар тоглуулахгүй байх

         -Ой, хээрт явахдаа оч баригчтай машин техникээр зорчих

         -Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах

     -Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалахыг Онцгой байдлын  газраас сэрэмжлүүлж байна.

関連ニュース