Э.Анхбаяр: Сонгуулийн хууль тогтоомжийг мэдээгүйгээс зөрчил гаргасан ч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-09 22:10:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлээд долоо хоног болж байна. Тухайн хугацаанд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн талаарх гомдол, мэдээлэл ирсэн эсэхийг аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Э.Анхбаяраас тодрууллаа.


- Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай хэдэн гомдол, мэдээлэл ирсэн вэ?

- Цагдаагийн газраас сонгуультай холбоотой гомдол мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх ажил, арга хэмжээ зохион байгуулж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрөөс хойш сонгуулийн зөрчилтэй холбоотой 9 гомдол, мэдээлэл Цагдаагийн газарт бүртгэгдсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 5 гомдол мэдээллийг хүлээж авахаас татгалзаж, гомдол гаргасан хүмүүст хариу өгсөн. Нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн. Одоо гурван гомдол мэдээлэл шалгалтын явцад байна.

- Сонгуулийн хуулийн ямар заалтыг зөрчсөн гэж гомдол гаргаж байна?

- Ихэвчлэн цахим хэрэгслээр нэр дэвшигчийн нэр төрд халдсан, сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, сонин хэвлэлийг сонгуулийн хууль тогтоомжийг зөрчиж тарааж, сурталчилсан гэсэн гомдлууд байгаа.

- Сонгуулийн сурталчилгаа хийж байгаа эрх бүхий этгээдүүдэд, ухуулагч нарт болон ард иргэдэд анхааруулж хэлэх зүйл байна уу?

- Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгааны үед хориглох зүйлийг тодорхой заасан байгаа. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг заагаад өгчихсөн. Тийм учраас Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг Цагдаагийн газрын фэйсбүүк цахим хуудсаар иргэдэд сурталчилж байна. “Ийм заалтыг зөрчвөл ийм арга хэмжээ авна” гэж  одоо хэлэх боломжгүй. Тэгэхлээр иргэд хууль тогтоомжоо өөрсдөө сайтар судлах хэрэгтэй. Сонгуулийн хууль тогтоомжийг мэдэхгүйгээс зөрчил гаргасан ч хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн ойлголт байхгүй учраас иргэн бүр хуулийг уншиж танилцах нь зүйтэй. Хоёрдугаарт Цагдаагийн газрын цахим хуудаст тавьсан мэдээллүүдийг уншиж, мэдлэгээ нэмэгдүүлэх шаардлагатай байна. 

関連ニュース