ХӨСҮТ: Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн иргэдээс коронавирус илрээгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр энэ сарын 11-нд эх орондоо ирсэн 258 иргэнээс авсан шинжилгээгээр коронавирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Өчигдөр буюу энэ сарын 12-нд улсын хэмжээнд нийт 326 хүнд коронавирусний шинжилгээ хийсний дотор дээрх нислэгээр ирсэн иргэд багтаж буй юм. Үүнээс гадна тандалтын зорилгоор Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс 4 хүнд шинжилгээ хийжээ. Түүнчлэн ХӨСҮТ-д тусгаарласан 5 хүн, ажиглах байранд тусгаарласан 8 хүний давтан шинжилгээнд вирус илрээгүй. Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн 33 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарласан 3 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан тусгай нислэгээр Энэтхэг, Лаос улсаас 251 иргэн ирсэн. Эдгээр иргэнээс сорьц авч эхэлсэн байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсад коронавирусний халдварын 197 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд гадаадаас эх орондоо ирсэн иргэдээс илэрсэн юм. Үүнээс 95 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д 102 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа иргэдийн 91-ийнх нь биеийн байдал хэвийн байгаа бол 11-ийнх нь хүндэвтэр байна. Эмчлүүлж байгаа хүмүүс дунд нэг хүүхэд, гурван жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 2 иргэн байна.