1784 даатгуулагч 430,4 сая төгрөгийн НДШ-ийн чөлөөлөлтөд хамрагдсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-22 13:46:46

Архангай /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээний тоон мэдээллийг 6 дугаар сарын 1-ний байдлаар танилцууллаа. Тухайлбал,

-Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн хүрээнд 378 аж ахуй нэгж байгууллагын 1784 даатгуулагч 430,4 сая төгрөгийн чөлөөлөлтөд хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх хууль нь 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх юм. Мөн дээрх хуулийн хүрээнд 3137 сайн дурын даатгуулагч, 217,9 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдав.

-Ажилгүйдлийн даатгалын сангаас олгож буй дэмжлэгт 40 аж ахуй нэгж байгууллагын 114 ажилтанд, 22,8 сая төгрөг олгосон байна. Энэхүү дэмжлэг нь 4 дүгээр сарын 1-нээс 7 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.

-Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд 488 малчин хамрагдсанаас 428 малчин өндөр насны тэтгэврээ тогтоолгоод байна.

-Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан 1197 тэтгэвэр авагчдад 231,7 сая төгрөгийн тэтгэвэр олгоод байна.

-6 дугаар сарын 1-ний байдлаар төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор 1 жил 6 сар нэмж тооцох хуулийн үйлчлэлд 664 эх өндөр насны тэтгэвэр тогтоолгоод байна.

-Сайн дурын даатгуулагч эх жирэмсний амаржсаны тэтгэмжийг 100 хувь бодож олгодог болсонтой холбогдуулан 124 эх 96,4 сая төгрөгийн тэтгэмж авчээ.

関連ニュース