Ихтамир сумын 3 иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай штабаас өнөөдөр 14.00 цагт ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийг шуурхай штабын дарга, ОБГ-ын дарга хурандаа Д.Эрдэнэбаатар, шуурхай штабын менежер, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа нар өглөө.
Архангай
аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 3 боллоо. Энэ нь анхны
тохиолдлын гэр бүлийн хүн бөгөөд тусгаарлалтад орсон байсан. Аймгийн шуурхай болон тандалтын бүлэг Батцэнгэл суманд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар PCR шинжилгээ хийдэг явуулын
лабораторид 2 эмч, 1 генетикийн мэргэжилтэн ажиллаж байна. Өнөөдрөөс 1 тархвар
судлаач эмчийг нэмж ажиллуулахаар боллоо. Бид ойрын 58, дам хавьтлын 400 гаруй
хүнийг тодорхой болгосон. Өнөөдрийн байдлаар 190 хүний шинжилгээний
хариу гарсан ба 1 хүний шинжилгээ эерэг гарч батлагдсан тоо нэгээр нэмэгдлээ. Бусад хүнийх сөрөг гарсан.
Аймгийн Онцгой комисс, суманд ажиллаж буй шуурхай бүлгүүд, сумын Онцгой комисс хариу арга хэмжээг яаралтай авч
2 өдрийн дотор
553 хүний сорьцыг цуглуулсан. Тархвар судлалыг хийж, эхний маршрутыг
бүрэн гаргаад байна. Ер нь бид голомтыг хяналтдаа авч чадсан. Одоогийн
байдлаар тархвар судлалын ажил үргэлжилж байна. Ихтамир сумын 3 иргэний PCR шинжилгээний
хариу сөрөг гарсан. Журмын дагуу бид долоо хоногийн дараа 2 дахь шинжилгээг
авна. Одоо тусгаарлалтад байна. Цаашдаа АОК-оос 12 дугаар сарын 2-ноос тав
хоногийн хугацаанд Батцэнгэл сумын 3771, Ихтамир сумын 5200 иргэнийг нэг
иргэн-нэг шинжилгээ хэлбэрээр буюу бүх хүнийг шинжилгээнд хамруулна.
Энэ хоёр сумаас өнөөдрийн байдлаар нийт 700 гаруй иргэний шинжилгээг аваад
байгаа. PCR
шинжилгээний урвалж, бусад эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгсэл
болон амьсгалын аппарат 5 ширхэгийг ЭМЯ-наас шийдвэрлэж өгсөн. Шинжилгээ авахад
хангалттай хүрнэ. Мэдээж хавьтлуудын дахин шинжилгээг авна.
УОК-ын
шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос иргэн татахгүй. Аймгийн хэмжээнд 40 гаруй пост
ажиллаж байна. Цаашид өвчлөл нэмэгдвэл Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн 30
ор бэлдсэн байгаа. Энэ эмнэлгийг идэвхжүүлж, эндээ эмчилнэ.
Батлагдсан 3 тохиолдлыг одоо Улаанбаатар хотод эмчилж байна.
Иргэдэд
уриалж, сануулж хэлэхэд гэрээс бүү гар, мэргэжлийн байгууллагын өгч буй
зөвлөмжийг сайн дагах, дархлаагаа дэмжих хоол хүнсийг хэрэглэх, гэртээ чийгтэй
цэвэрлэгээ хийж, агаар сэлгэлтийг 2 цаг тутам хийх, гэртээ зочин урихгүй, айлд
зочлохгүй байх хэрэгтэй байна. Мөн зайлшгүй шалтгаанаар гадуур гарвал амны
хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гэртээ орохдоо гадуур өмссөн хувцсаа уут саванд
хийх, гараа угааж халдваргүйжүүлэх зэрэг энгийн аргуудыг маш сайн дагаж мөрдөж,
дадал болгох шаардлагатай байна гэв.