Батцэнгэл сумын 3072 иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-07 17:06:10

Архангай /МОНЦАМЭ/. Батцэнгэл сумын хун амын дунд коронавируст халдварыг илрүүлэх, идэвхтэй тандалт хийх зорилгоор “Нэг иргэн-нэг шинжилгээ"-ний бэлтгэлийг хангаж, лабораторийн нэг их эмч, 10 лаборантыг сорьц авах ажилд дайчлан ажиллуулж байна.

Өнөөдрийн байдлаар голомтод сумын нийт 3072 иргэнээс PCR шинжилгээ авсан ба бүх хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Мөн ойрын хавьтлын буюу Ихтамир сумын 3, Өгийнуур сумын 2, Батцэнгэл сумын 58 нийт 63 хүний PCR давтан шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Ихтамир сумын 3 иргэний шинжилгээ сөрөг гарсан учраас тус сумын иргэдийг шинжилгээнд хамруулах шаардлагагүй гэж үзсэн байна.

Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дугээр сарын 13-ны өдрийн A/841 захирамжаар “Коронавируст халдварын үеийн болзошгуй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу apra хэмжээний баг"-уудыг томилон аймгийн шуурхай штабын дэргэд аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулан 4 баг, 9 бүлэг, 145 хүний бүрэлдэхүүнтэйгээр хариу apra хэмжээг авч ажиллаж байна.                                                                              

Аймгийн Онцгой комиссоос Батцэнгэл суманд томилогдсон Шуурхай бүлэг тухайн баг, сумын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар хуралдаж, авч хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн үүрэг чиглэл өгч ажилласан. Голомтын цар хүрээг тогтоож, ойрын болон хоёрдугаар хавьтлыг илрүүлэн тусгаарлалт, хяналтад аваад байна.

Аймгийн хэмжээнд 14 хоногийн ажиглалтад 749, тусгаарлалтад 70 нийт 819 хүн, 18 эмч эмнэлгийн мэргэжилтэн хяналт тавин ажиллаж байна. Гэрийн ажиглалт хяналтад 749 хүн байна. Аймгийн хэмжээнд нийт 72 байнгын пост , 54 хөдөлгөөнт эргүүл, нийт 492 хүн хүч, 142 техник хэрэгсэл дайчлагдан ажиллаж байна.

関連ニュース