Аж ахуй нэгжүүдийн удирдлага, бичил бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан төвлөрсөн барааны худалдаа, үсчин, нийтийн халуун усны газруудыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн QR код, халдвар хамгааллын дэглэмийн тусгай шаардлагын дагуу нээн ажиллуулах шийдвэр гарсан.
Энэ
шийдвэртэй холбоотойгоор тухайн чиглэлээр бизнес эрхлэгч ААН-үүд халдвар хамгааллын
дэглэмийг байгууллага бүртээ хэвшүүлэх, зааварчилгаа өгөх, хөтөч ажиллуулах,
томоохон ААН-үүд тусгаарлах өрөө бэлтгэх шаардлагатайг сануулж, холбогдох
байгууллагын удирдлагууд мэдээлэл хийлээ.
Уулзалтын
эхэнд Засаг даргын орлогч В.Мөнхбат “Цар тахлын дэглэмийн үед бизнес эрхлэгчид
орлого эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдалд орж, олон хүмүүсийн ар гэр, амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж байгаа учир аймгийн Онцгой комиссын 18-р хуралдаанаас энэ
шийдвэрийг гаргаж байна. Тухайн үйлчилгээний газрууд ажиллаж эхлэхээр иргэдийн
хөл хөдөлгөөн ихэсч, хөдөлгөөний нягтрал нэмэгдэх тул та бүхэн мэргэжлийн
байгуулагуудын өгсөн заавар, зөвлөмжийг чанд сахиж, цаашид гарч болох эрсдэлээс
урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хаа хаанаа хариуцлагатай байж, тус бүрийн үүрэг
хариуцлагаа ухамсарлан, хамтран ажиллаж чадвал удахгүй сайн цаг ирэх болно” гэдгийг санууллаа. Мөн худалдаа
үйлчилгээний төвүүдийн авто зогсоолуудад бөөгнөрөл үүсч байгаа тул тухайн байгууллагын албан хаагчид
хувийн автомашинаа өөр талбайд байршуулж хэвших, удирдлагуудын зүгээс холбогдох
арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй байна гэдгийг онцоллоо.
Уулзалтын
төгсгөлд бичил бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож, холбогдох
байгууллагууд чиг үүрэг өгч, шийдвэрлэн ажиллалаа.