PCR шинжилгээний хариу эерэг гарсан Завхан аймгийн иргэнийг Архангайн хяналтын постоос буцаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-10 14:18:07

Архангай/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос орон нутгийн иргэд хот хооронд хөдөлгөөн хийж байгаатай холбогдуулан цар тахлын эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. 

Тодруулбал, өнөөдөр /2021-02-10/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд хөдөлгөөн хийж буй иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй нийслэлээс гарч, замд явж байхад нь шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бүртгэгдлээ. 


Тухайн иргэн Архангай аймгийн Цагаан хаалганы хяналтын постод ирснийг илрүүлж, аймгийн шуурхай хариу арга хэмжээний баг нэн даруй ажиллаж, тухайн иргэнийг халдвар хамгааллын дэглэмийн дор нийслэл рүү буцаан, ХӨСҮТ-д хүргэхээр хөдөлсөн байна. 


Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот дахь голомтын бүсээс зорчин ирэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа тул иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг АОК-оос анхааруулж байна. 

Мөн сар шинийн баяр тохиож буй эдгээр өдрүүдэд иргэн та цахимаар золголт хийж, шагнал урамшууллын баярт мөчөө хуваалцах гэх мэт олноор бөөгнөрөх үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх, хөл хорионы дэглэмээ чанд сахих үүрэгтэй.  

Шаардлагатай тохиолдолд аймгийн хэмжээнд ТЭГ зогсолт хийх хүртэлх эрсдэл үүсэх магадлалтай тул иргэн бүр өндөр хариуцлагатай байж, хэрэв та голомтын бүсээс ирсэн бол 14 хоногийн гэрийн дэглэмээ хатуу баримтлахыг дахин сануулж байна. 

関連ニュース