Аймгийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг шинэчлэн байгуулж, анхны хурлаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-19 14:27:07

Архангай /МОНЦАМЭ/. Хүний хөгжил, тэр дундаа залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь өнөөгийн нийгмийн ахиц дэвшил юм. Иймд аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудыг хөгжүүлэх, дэмжих, ажилтай орлоготой болгох зорилтуудын хүрээнд залуучуудын эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл урлагийн чиглэлээр хөрөнгө оруулалтууд хийх, хувиараа хөдөлмөр эрхлэх, бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, цөөн мал бүхий залуу малчин өрхүүдийг малжуулах ажлуудыг орон нутгийн түвшинд хийхээр төлөвлөж байна.

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн сард аймгийн Засаг даргын захирамжаар Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хурлаар зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн, салбар зөвлөлийн дүрмийг танилцуулж, аймгийн залуучуудын хэрэгцээний судалгааны тайланг сонслоо. Үргэлжлээд зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв. Мөн залуучуудын хөгжлийн асуудлаар авах арга хэмжээний талаар зөвлөлийн гишүүд санал солилцож, холбогдох алба хэлтэст үүрэг чиглэл өгөхөөр болов.

Аймгийн хэмжээнд 2020 оны байдлаар 30000 орчим залуучууд байгаа нь нийт хүн амын 31,1 хувийг эзэлж байна. Иймд залуучуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах болон чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд олон үйл ажиллагааны хөтөлбөрийг 2021 оны аймгийн төсөвт тусган шийдвэрлээд байгаа юм. Тодруулбал, Тамир кино театрыг 4D кино театр болгох, дэд бүтцийг шийдвэрлэх зэрэг ажлын төсвийг хөтөлбөрт тусгаад байна.

Цаашид хурлаар хэлэлцсэн гишүүдийн санал хүсэлтийг нэгтгэн, Архангай аймгийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэн ажиллахад гишүүн бүр бодитой үүрэг оролцоотой байж, онцгой анхааран ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч, салбар зөвлөлийн дэд тэргүүн В.Мөнхбат үүрэг болголоо.

関連ニュース