О.Алтаншагай: Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 20 гаруй лавлагаа, мэдээлэл үнэгүй гардаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай
/МОНЦАМЭ/. Эрдэнэбулган
сумын ЗДТГ-ын нутгийн захиргаа, эрхзүйн асуудал хариуцсан түшмэл О.Алтаншагайгаас төрийн
үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаа мэдээллийн талаар ярилцлаа.
-Өнгөрсөн
оны 6 дугаар сараас эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн системийг аймагт
нэвтрүүлсэн. Иргэд энэ нэгдсэн системийн талаар хэр мэдээлэлтэй болсон байна
вэ?
-Засгийн газрын 149 дүгээр тогтоолын дагуу Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Нэг цонхны үйлчилгээ”,
“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн операторын хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг
“Үйлчилгээний нэгдсэн төв” болгон өөрчлөн зохион байгуулсан. Үүний хүрээнд бүх суманд “Үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж, иргэн, хуулийн этгээдэд төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж эхэлсэн. Энэ цагаас хойш ард
иргэдэд багийн захиргааныхантай хамтраад багуудаар сурталчилгаа, тараах
материалыг явуулсан байгаа. Үүний үр дүнд иргэд харьцангуй мэдээлэлтэй болоод
байна.
-Төрийн
үйлчилгээний нэгдсэн системээс хэдэн төрлийн лавлагаа мэдээлэл гарч байгаа вэ?
-Анх нэг шатлалт 54 төрлийн үйлчилгээ
үзүүлж эхэлж байлаа. Одоо төрийн 25 байгууллагын 181 төрлийн лавлагаа мэдээлэл
гарч байна.
-
Цахим учраас тухайн иргэний харьяалал харгалзахгүй гэж байсан?
-Тийм ээ. Хур системийн давуу тал бол та
хаанаас ч хэзээ ч лавлагаа мэдээллээр үйлчлүүлж болох юм. Техник, технологийн
боломж бүрдсэн бүх газраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь www.e-mongolia.mn цахим хаягаар дамжуулан
танилт нэвтрэлтийн ДАН системийн эрхээр хандаж, төрийн үйлчилгээний хүсэлт
гаргах, шаардлагатай баримт бичгийг электрон хэлбэрээр системд хавсаргах, явцын
мэдээллийн үр дүнг цахим хэлбэрээр хүлээн авах боломжоор хангагдаж байгаа явдал
юм.
-
Хэдэн оноос хойших мэдээллүүд гарч болох вэ?
-Тухайн лавлагаанаасаа хамаараад янз янз л байдаг. Төрсний бүртгэлийн лавлагаа гэхэд 1989 оноос өмнөх лавлагаа гарахгүй байхад нийгмийн даатгалын лавлагаа 2006 оноос өмнөх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл системээс гарах боломжгүй гэх мэт янз бүр байдаг.
-Энэ
лавлагаа системийн давуу тал нь?
-Энэ систем маш олон давуу талтай. Иргэний
харьяалал харгалзахгүй үйлчилгээг үзүүлж байна. Харилцан адилгүй чиг үүрэг
бүхий олон байгууллагын мэдээллийг нэг дороос авч болно. Нэвтрэлтийг тоон гарын
үсэг болон биеийн давтагдашгүй хэсэг буюу хурууны хээгээр баталгаажуулдаг. Төрийн
мэдээллийн санд байгаа мэдээллийг дахин шаардахгүй. Төлбөр тооцооны дэвшилтэт
шийдэл бүхий олон төрлийн арга хэрэгслүүдтэй. Карт, пос машин, QPay гэх мэт. Төрийн үйлчилгээний хүртээмжийг
нэмэгдүүлж байна.
-Системээс
ямар ямар лавлагаа үнэ төлбөргүй гардаг вэ?
-Байгаа. Байгууллагын татварын тооцоотой
эсэх, Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл, Жолоодох эрхийн онооны
лавлагаа, гаалийн байгууллагад өртэй эсэх тодорхойлолт аж ахуйн, иргэнээр 2
тусдаа гарна. Мөн жолоочийн лавлагаа,
мэдээлэл, иргэнд олгох тодорхойлолт, нийгмийн халамжийн дэмжлэг,
туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, оношилгоо,
техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах, татварын тайлангаа тушаасан эсэх тухай
лавлагаа, татварын өрийн үлдэгдлийн
лавлагаа, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт,
хүүхдийн мөнгө олгож байгаа эсэх тодорхойлолт болон хүүхдийн мөнгөн тэтгэмж
олгох тодорхойлолт зэрэг лавлагаа, мэдээллүүд үнэ төлбөргүй гардаг.
Бусад лавлагаа, мэдээллүүд нь 1000-10000 төгрөгийн хооронд Төрийн, ХААН, Голомт
зэрэг банканд тушаадаг.
-Төрийн
үйлчилгээний нэгдсэн системийн дутагдал юу вэ?
-Техник л юм чинь байлгүй яахав. Ачаалал
ихтэй үед сервер программ гацна, иргэний хурууны хээг танихгүй олон дахин
уншуулах тохиолдол гарна, иргэний сунгагдсан паспортын шинэ мэдээлэл ганц нэг
тохиолдолд ороогүй байх гэх зэрэг асуудлууд гардаг.
-Иргэд
ямар лавлагааг түлхүү авч байна? Өнөөдрийн байдлаар хэдэн лавлагаа мэдээлэл
гаргасан байна вэ?
-Энэ он гарсаар 127 лавлагаа гарсан байна.
Үүнээс даатгалын лавлагаа 71, иргэний тээврийн хэрэгсэлтэй холбоотой 25,
жолоодох эрхийн 23, гэрлэлтийн 3, хууль сахиулахын чиглэлээр 5 лавлагаа тус
тус гарсан байна.
Харин ажиллаж эхэлснээс хойш 577 лавлагаа
мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид гаргаж өгч, үйлчилсэн байна.