Аймгийн төвийн 11 байршилд халдвар илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт өнгөрөгч 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд PCR шинжилгээний хариу эерэг гарсан 14 тохиолдол бүртгэгдлээ. Хайрхан суманд-3, Эрдэнэбулган-34 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд нийт тохиолдол 37 болоод байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн төвд 11 байршилд халдвар бүртгэгдэж, хэвтэн эмчлүүлж буй иргэдээс нэг иргэний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.
Аймгийн 11 байршлыг тодруулбал,
-Бортолгой
-Тамир хороолол
-1-р 48 байр
-2-р 48 байр
-53-р байр
-Цогт-Уул
-43-р байр
-44-р байр
-Арслан цохио
-Канад хороолол
-38-р байрууд бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагууд ариутгал халдваргүйтгэл хийгээд байна.
Батлагдсан нийт тохиолдлууд нь нэг эх үүсвэрээс голомтолсон бөгөөд тархвар судлалын холбогдол нь тодорхой байна. Тиймээс явсан зам маршрутыг олон нийтэд дэлгэх нь хуулиар зохицуулагддаг тул хувь хүний нууцын зэрэглэлтэй мэдээллийг нууцалдаг болно. Хэрэв тантай болон таны гэр бүлийн хэн нэгэн тархвар судлалын холбогдолд хамаарсан бол аймгийн Тагнуулын газраас тантай холбогдон, шаардлагатай гэж үзвэл Эрүүл мэндийн газрын сорьц цуглуулах баг шинжилгээний сорьц авч, холбогдох арга хэмжээ авч ажиллана. Иймд тантай тархвар судлалын багаас холбогдоогүй бол та тайван байж, гэрийн дэглэмээ сахихыг анхааруулж байна.
Урьдчилсан байдлаар ойрын хавьтлын иргэдийг илрүүлж, дам хавьтлаар тогтоогдсон иргэдийг дэс дараатайгаар PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Халдварын тархалтыг богино хугацаанд хумьж, ажил, амьдралаа хэвийн байдалд шилжүүлэхийн тулд хүн бүрийн хувийн үүрэг хариуцлага чухал. Ийм учраас хөдөлгөөнөө хязгаарлан гэрийн дэглэмийг сахиж, халдвар хамгааллын зааварчилгааг мөрдөн, өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалах нь чухал байгааг аймгийн Онцгой комиссоос уриалж байна.