Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгаж, зарим үйл ажиллагааг зөвшөөрөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс өнөөдөр 16.00 цагт хуралдлаа. Хуралдаанаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллээр "Ковид-19" халдварын тархалтын байдлыг тодорхой хэмжээнд хумьж, сүүлийн 24 цагийн байдлаар хавьтлын тоо болон батлагдсан тохиолдлын тоо буурч байгааг онцлов. Гэвч халдвар бүрэн устаагүй, ард иргэд тайвшрах болоогүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Хуралдааны шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Захирамжид: "Ковид-19" цар тахлын халдвар хүн амын дунд тархсан тул аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д шилжсэн хугацааг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17.00 цагаас
4 дүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд сунгав.
Энэ хугацаанд аймгийн хэмжээнд хүнсний худалдаа, эмийн сан, худаг усан сан, шатахуун түгээх станц, цахим банк, АТМ-ыг 10.00 - 19.00 цагийн хугацаанд ажиллуулахаар боллоо.
Эрчим хүч, дулаан, ус, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, эмнэлэг, Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Мал эмнэлгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг байгууллага хэвийн горимоор ажиллах, иргэдэд цахимаар үйлчлэх бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан алба хаагчдын 5-10 хувийг нь тусгай шаардлага хангаж ажиллуулахыг аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгав.
Иргэд эмнэлгийн зайлшгүй тусламж авах, эмийн сан, түлээ түлш, зөөврийн ус, хүнс худалдан авахад өрхөөс насанд хүрсэн нэг хүнийг хөдөлгөөн хийхийг зөвшөөрч, аймагт хөл хорионы улмаас саатсан сумдын иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн нэг удаа нэвтрүүлэхээр боллоо.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн хөдөө сумдын хүүхдүүдэд тархвар зүйн холбогдлыг тогтоон, PCR шинжилгээ хийж нэгдсэн журмаар гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулахыг Боловсрол, соёл, урлагийн газар, Эрүүл мэндийн газрын дарга удирдлагуудад үүрэг болгов.