Ихтамир суманд коронавирусний 9 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-03 10:45:47
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 347 шинжилгээ хийсэн. Үүнээс Ихтамир суманд шинээр есөн тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр нь сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд болон тэдний гэр бүлийн 54 хүний шинжилгээнээс илэрсэн байна.
Тодруулбал: Эрүүл мэндийн төвийн 6 ажилтны шинжилгээний хариу эерэг гарчээ. Ийнхүү Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 391 боллоо. Ихтамир суманд коронавирусний шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан АОК, шуурхай штаб энэ сарын 2-ны өдөр хуралдсан. Хурлаар шуурхай хариу арга хэмжээний болон тандалт судалгааны багийг томилж, батлагдсан тохиолдлын хавьтал тодорхойлох ажлыг эрчимжүүлжээ. Мөн Ихтамир суманд тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоож, халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээг танилцуулбал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 37 иргэн байна. Үүнээс Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 21, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 17, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 8 батлагдсан тохиолдол тус тус хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгээс бүрэн эдгэрч гарсан 354 иргэн байна. Ойрын хавьтлын хүний тоо 3219 /нийт өссөн дүнгээр/, тусгаарлах байранд 8, гэрийн тусгаарлалтад 433 иргэн байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 6-р сарын 3-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 49330, II тунд – 34894 хүнийг хамруулжээ.
関連ニュース