Эх үүсвэрийг тогтоохоос илүү эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ОБГ-ын дарга, Шуурхай штабын орлогч, хурандаа Д.Эрдэнэбаатар дараах тодруулгыг өглөө.
- Ковидын голомт нэмэгдэж, халдварын тоо олширч байгаатай холбогдуулан АОК хуралдаж шийдвэр гаргасан. Манай аймаг өндөржүүлсэн бэлэн байдал буюу улбар шар түвшинд байгаа. Энэ хугацаанд тодорхой хязгаарлалтууд хийсэн. Үүн дээрээ нэмж шийдвэр гаргасан. Тухайлбал, өмнө нь олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй, хориглосон байсан ч одонгийн найр, овооны тахилга, аялал зугаалга зохион байгуулсаар байна.
Зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан хөдөлгөөн ихэсч, үүнтэй холбоотойгоор халдварын тархалт нэмэгдсэн. Сүүлийн өдрүүдэд хөдөлгөөн маш их болж байна.
Иймээс АОК-оос гаргасан шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын захирамж гарч, 6-р сарын 16-30-ны хугацаанд:
- Хурал цуглаан, баяр ёслол, овоо тахилганы наадам зэрэг арга хэмжээнүүдийг зогсоох,
- Аялал жуулчлалтай холбоотойгоор хөдөлгөөн ихэсч байгаа учраас жуулчны бааз, рашаан сувиллын үйл ажиллагааг зогсоох
- Нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох
- Баар, рестораны үйл ажиллагааг зогсоохоор болсон.
Харин үсчин, цайны газар, бараа, хүнсний худалдаа, дугуй засвар, гоо сайхны газруудын үйл ажиллагааг зогсоохгүй.
Улаанбаатар хот, аймаг орон нутгаас ирж байгаа иргэд вакцины бүрэн тунд хамрагдсан бол PCR шинжилгээ шаардахгүйгээр явж байгаа. Энэ зохицуулалт хэвээр үйлчилнэ.
Тодорхой хүндэтгэн үзэх шалтгаанаар болон хүнсний тээвэр, барилгын материал зэрэг тээврийг явуулж байна. Эдгээр нь мөн вакцины бүрэн тунд хамрагдсан байх ёстой. Харин бүрэн тунд хамрагдаагүй бол шинжилгээнд үндэслэн нэвтрүүлнэ.
17 хүртэлх насны хүүхдүүдээс шинжилгээ шаардахгүй. Харин эмнэлзүйн шинж тэмдгийн асуумж асууна. Шинж тэмдэгтэй байвал шинжилгээ өгүүлэх арга хэмжээг авна.
Энэ захирамжтай холбогдуулан хяналт шалгалтын ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Өмнө нь хяналтын байгууллага ажиллаж байсан бол одоо өргөн хүрээнд баг бүрдүүлж ажиллана. Гаргасан шийдвэрийн дагуу хяналт тавих, зөрчилд хариуцлага тооцно.
Үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа байгууллагууд халдвар хамгааллын дэглэм барих ёстой. Түүнд хяналт тавина. Зөрчсөн тохиолдолд тухайн байгууллагыг хаах хүртэл арга хэмжээ авна.
Ногоон бүсүүд голомттой бүс болж байна. Голомттой сумдад тандалтын баг ажиллаж байна. Ихэнх суманд батлагдсан тохиолдол зөөвөрлөгдсөн, зарим нь эх үүсвэр тодорхойгүй байна. Тухайлбал, Ихтамир сумын голомт сумын нийт хүн амд тархсан гэж үзэж байгаа.
Орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэн, сонгуультай холбоотой хөдөлгөөн ихэссэн учраас халдварын тархалт нэмэгдэх шалтгаан болсон гэж үзэж байгаа.
Одоо бол эх үүсвэр гэхээргүй, хаа сайгүй халдварын тархалт их байна гэж үзэж байна. Эх үүсвэрийг тогтоохоос илүү эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлтэй байна гэлээ.