Аж ахуй нэгжийн удирдлагуудтай хариуцлагын гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-01 17:17:49
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт энэ сарын 10-ныг хүртэл ажиллана. Энэ хугацаанд худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас гомдол гарч, цаашид ажиллах хүсэлтэй байгаагаа түрүүчийн долоо хоногт аймгийн Шуурхай штабын дарга нарт мэдэгдэж, уулзаж байсан юм.
Энэ хүсэлтийн дагуу Архангай аймгийн Эрдэнбулган сумын нутаг дэвсгэрт байрлах хоол үйлдвэрлэл үйлчилгээ, нийтийн халуун ус, барааны зах, худалдааны төв, үсчин зэрэг аж ахуйн нэгжүүдийн эзэдтэй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хариуцлагын гэрээг өнөөдөр байгууллаа. Энэхүү гэрээ нь аймгийн Шуурхай штаб, Эрдэнэбулган сумын онцгой комисс, иргэн, ААН гэсэн гурван талт гэрээ юм.
Худалдаа, үйлчилгээний газрууд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд үйл ажиллагааг бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох арга хэмжээ авахыг анхааруулав.
関連ニュース