Урд Тамирын голын түвшин 30 см давж үерлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-05 16:15:40

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас аймгийн төвийн урдуур урсах урд Тамирын голын түвшин 30 см давж үерлэжээ. 

Аймгийн Онцгой байдлын газраас үер, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор албан хаагчид голын үерийн ам дагуу буусан айл өрхөд сэрэмжлүүлэг өгч, хяналт тавин ажиллаж байна. Гэр бүлийн хүрээнд амралт зугаалгаар яваа иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр усны ойролцоо тоглуулахгүй байх, машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж баталгаатай зам, гүүр, гарам ашиглаж аюулгүй байдлаа хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Архангай аймгийн УЦУОГТ-өөс гаргасан өнгөрөгч 6-р сарын 28-наас 7-р сарын 05-ныг хүртэлх цаг агаарын долоо хоногийн тойм мэдээллийг харахад, энэ 7 хоногт аймгийн хэмжээнд орсон нийлбэр хур тунадасны хэмжээгээр Хангайд 9.9 мм, Тариат, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Жаргалант, Өгийнуур, Өлзийт, Өндөр-Улаан, Хайрхан, Хашаат, Хотонт, Цэцэрлэг, Цахир сумын нутгаар 15,5-49,4 мм, Эрдэнэбулган, Булган, Чулуут сумын нутгаар 51-74,9 мм хур тунадас орсон  байна. 

Салхины хувьд 28-нд Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Булган, Өндөр-Улаан, Хангай, Цэцэрлэг сумын нутгаар секундэд 11-22 метр, 29-нд Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт сумын нутгаар секундэд 11-12 метр, 30-нд Эрдэнэмандал, Булган, Өндөр-Улаан, Хангай сумын нутгаар секундэд 11-14 метр, 7-р сарын 01-нд Батцэнгэл, Өлзийт, Хангай сумын нутгаар секундэд 11 метр, 02-нд Эрдэнэбулган, Хангай, сумын нутгаар секундэд 11-12 метр, 04-нд Эрдэнбулган сумын нутгаар секундэд 11 метр хүрч ширүүсчээ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 0-10 метр байжээ.





関連ニュース