Зуслангийн бүсийн 46 байршилд орох, гарах замыг чөлөөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын зуслангийн 46 байршилд орох, гарах замыг чөлөөллөө.
Тухайлбал, Гоодой, Шарга морьт, Хуурай мухар, Хандгайтын богино, Хандгайт, Санзай, Сэлбэ, Бэлх, Зүрх-Уул, Ар согоот, Яргайтын богино, Зуун мод, Жигжид, Өвөр Гүнт, Майхан толгойн зуслангийн нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний зам хааж, хашаа сунган, зам хаасан, зөвшөөрөлгүй хашаа барьж, үерийн далан дээр шороо асгаж буусан зэрэг зөрчлийг арилгуулжээ.
Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” захирамжийн хүрээнд явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэх, зуслангийн бүсэд иргэд чөлөөтэй нэвтэрч амарч зугаалах, байгаль хамгаалах, ой хээрийн түймэр, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх аж. Мөн яаралтай тусламжийн автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөл бүрдүүлэхээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албатай хамтран ажиллаж байгааг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.