Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, шинээр томилогдсон алба хаагчдыг дадлагажуулах зорилгоор гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Онцгой байдлын газрын даргын баталсан “Зуны усны дадлага сургалт зохион байгуулах тухай” А/28 дугаар тушаалаар гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг энэ сарын 11-15-ны өдрүүдэд Өгийнуур сумын Өгийнууранд зохион байгуулжээ.
Дадлага сургуульд Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 21 алба хаагч 4 автомашин, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч оролцож, гүний усанд 5м-12м гүнд шумбалт хийж, мөн алба хаагчдын дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн, усанд сэлэлтийн тэмцээн зэргийг зохион байгуулжээ.
Тус сургалтын үеэр Зэвсэгт Хүчний Жанжин Штабын харьяа Агаарын десантын 084-р ангийн алба хаагчдын усны мандлын буултын хамгаалалтанд Онцгой байдлын газрын алба хаагчид хамтран ажилласан байна.