Европын холбооны ажлын хэсэг Архангайд ажиллажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер Ив Лука, төслийн менежер М.Бямбарагчаа, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын төлөөлөгч нар Архангай аймагт ажиллаж, AVSF Монгол байгууллагаас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёр төслийн үр дүнтэй танилцав. Мөн аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбаттай уулзаж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг эмэгтэйчүүдийг чадавхижуулахад Европын холбооны дэмжлэгтэйгээр AVSF Монгол байгууллагаас хэрэгжүүлж буй жендерийн эрх тэгш оролцоог нэмэгдүүлэх буюу “Импакт” төслийн үр дүн, аймгийн дэмжлэг оролцооны талаар санал солилцлоо. Импакт төслийг Эрдэнэбулган, Жаргалант, Цэцэрлэг сумдад хэрэгжүүлдэг бөгөөд уг төслийн зорилго нь орон нутгийн түвшинд шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх замаар тогтвортой ноолуур, органик ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэхүү жендерийн эрх тэгш оролцоог хангахад чиглэсэн төслийн хүрээнд дээрх сумдын эмэгтэйчүүдийг органик хүнсний ногоо тариалах, мөн түүхий эдийн мөшгих тогтолцоонд хамрагдаж, ноос, ноолуурын нэмүү өртөг бий болгож, улмаар амьжиргаагаа дэмжих, эргээд бэлчээр, байгаль орчин хамгааллын ажлууд хийх боломжийн талаар мэдээлэл, нөлөөллийн ажлууд хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ малчин, ногоочин бүсгүйчүүдэд санхүүгийн мэдлэг олгох, өрхийн санхүүгээ удирдах чадварыг нь нэмэгдүүлэх сургалтуудыг зохион байгуулсан. Түүнчлэн ИМПАКТ төслийн хүрээнд бэлчээрийн менежментийн сургалтуудыг зохион байгуулж, бэлчээр газрыг хамгаалахын зэрэгцээ өрхийн орлогоо нэмэгдүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах боломжуудыг таниулах сургалт, нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулжээ. Эдгээр ажлын үр дүнд Жаргалант суманд 4 БАХ (Бэлчээр ашиглагчдын хэсэг), Цэцэрлэг суманд 6 БАХ тус тус байгуулагдсан нь өдгөө малчдын хоёр хоршоо болж өргөжин ноолуур бэлтгэл, ангилан ялгалтын стандартын талаарх анхан шатны сургалтуудад хамрагдаж, Цэцэрлэг сумаас 100 кг түүхий ноолуур авч ноолуурын чанар, ширхэгтийн шинжилгээнд өгөөд байна.
Харин Импакт төслийн хүнсний ногооны үйлдвэрлэлийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нарны эрчмээр ажилладаг хүлэмжийг бусад төрлийн хүлэмжтэй харьцуулсан зах зээлийн судалгааг Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран хийж гүйцэтгэж байгаа бөгөөд Эрдэнэбулган суманд өвлийн 60 тонны багтаамжтай зоорь барих ажлыг орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөж, газрын асуудлыг шийдвэрлүүлжээ. Үүний зэрэгцээ Импакт төслийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудыг тэр дундаа ноолуур, хүнсний ногооны салбар дахь орон нутгийн санаачлагыг дэмжих зорилгоор жижиг төслийн сонгон шалгаруулалт зарлаж, дүгнэхэд бэлэн болгоод байна.
Ийнхүү Импакт төсөл хэрэгжсэнээр Архангай аймгаас сайн чанарын баталгаатай ноолуур бэлтгэж, хариуцлагатай малчдаар дамжуулан дотоод, гадаадад үйлдвэр, брендүүдэд нийлүүлж, орон нутгийн органик хүнсний ногооны хэрэглээ, нийлүүлэлтийг хөгжүүлэх боломжууд бүрдэж, байгальд ээлтэй, эдийн засгийн хувьд бие даасан тогтвортой хөгжлийн суурь тавигдах юм. Цар тахлын улмаас газар дээрх ажлууд хойшлогдсон хэдий ч төслийн баг ойрын хугацаанд хоршооны бүх гишүүдийн хурал, фотомониторгийн судалгаа, хоршооны гишүүдийг чадваржуулах сургалт, хүнсний ногооны орон нутгийн сургагч багш бэлтгэх, мөн өвлийн зоорь барих ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зэрэг ажлуудыг ойрын хугацаанд төлөвлөж байна. AVSF Монгол байгууллагаас Европын холбооны санхүүжилтээр Архангай аймагт хэрэгжүүлж байгаа өөр нэг төсөл бол STeP EcoLab буюу ноос ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийн төсөл юм. Уг төслийн хүрээнд малчнаас үйлдвэрийн хаалгаар гарах хүртэлх үе шат бүрт байгальд ээлтэй арга туршлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, улмаар Монголын ноос ноолуурын өртгийн сүлжээнд тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьжээ. Төсөл нь Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран түүхий эд бэлтгэлийн сайн туршлагыг дэлгэрүүлэх, улмаар түүхий эдийн мөшгих системээр баталгаажсан, гарал үүсэл нь тодорхой түүхий эдийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэхэд малчдын хоршоодод техник, арга зүйн дэмжлэг үзүүлдэг. Ингэснээр үйлдвэрүүд чанарын баталгаатай, мөшгих боломжтой ноос, ноолуураар байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаадын зах зээлд нийлүүлэх боломжтой болж байгаа тул Монголын тогтвортой ноос, ноолуурын үнэ цэнийг дэлхийн тавцанд нэмэгдүүлж, Монголын тогтвортой үйлдвэрлэгчдийг таниулах давуу талууд бүрдэж байгаа юм. Одоогийн байдлаар мөшгих системд бүртгэлтэй малчдын хоршоод гарал үүсэл нь баталгаатай түүхий эдээ сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Баялаг Өлзий ХХК, Уужин ХХК, Сор ХХК, Говь ХК болон Монгол Нэхмэл ХХК-д тус тус нийлүүлж байна. Ийнхүү дотоодын түүхий эд нийлүүлэлтийн сүлжээ байгальд ээлтэй тогтолцоонд хэрхэн шилжиж болох загвар бий болж байгаагаас гадна нэмүү өртгөөр түүхий эдээ нийлүүлсэн малчдын хоршоод дундын сангийн хуримтлалаа нэмэгдүүлж, бэлчээрийн фотомониторинг хийж, улмаар бэлчээр хамгаалах ажлуудаа тасралтгүй хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн Европын Холбооны ажлын бүрэлдэхүүн Ихтамир суманд ажиллахдаа сумын удирдлага, БАХ-гийн гишүүдтэй уулзаж, түүхий эдийн мөшгих системд хамрагдахын давуу тал, хамтын ажиллагааны үр шим, цаашид анхаарах асуудлыг ярилцаж, сэргээсэн бэлчээрийн талбай болон тэжээлийн ургамал тариалсан талбайг очиж үзсэн байна.