Нийт нутгийн 45,5 хувьд нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШГ-аас 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлжээ. Зуншлагын байдал 7 дугаар сарын дунд арав хоногоос эхлэн аймгийн нийт нутгийн 90 хувьд нь хэвийн, 10 орчим хувьд нь дунд байсан ч 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгаар зуншлагын байдал сайн байсан.
Бэлчээрийн даацыг аймгийн нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нутгийн 19,2 хувь нь бэлчээр нөөцтэй, 33,7 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 45,5 хувь нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 1,4 хувь нь бэлччэрийн даац 3- 5 дахин хэтэрсэн, 0,2 хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарчээ.
Өөрөөр хэлбэл, нутгийн 52,9 хувьд нь мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 47 орчим хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Энэхүү судалгаа мэдээллийг 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж, Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд гаргаж өгсөн байна.