"Төв Азийн Түүх, Соёлын голомт" аялал жуулчлалын цогцолборын шавыг тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-29 13:13:12

Архангай /МОНЦАМЭ/. Өлзийт сумын Харганын Дөрвөлжингийн Хүннүгийн хааны зуны ордны туурь дээр Орхон-Тамир, Хануй-Хүнүйн дурсгалыг түшиглэн байгуулах "Төв Азийн Түүх, Соёлын голомт" соёлын аялал жуулчлалын цогцолбор төслийн нээлт, мэдээллийн төв байгуулах барилгын шавыг энэ сарын 26-нд тавьжээ.

Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын сав газарт “Төв Азийн түүх, соёлын голомт” цогцолбор байгуулагдсанаар Монгол орны төв хэсэг рүү чиглэсэн соёлын аялал жуулчлалын шинэ маршрут бий болж, соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжих, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, ашиглалтын байдал сайжрах, орон нутагт ажлын байр бий болох зэрэг олон боломжууд бүрдэх юм. Мөн хүүхэд залуучуудад эх түүх, өв соёлоо хайрлан хамгаалах дадал заншлыг төлөвшүүлэх, ард иргэдэд археологийн дурсгалын шинэ мэдлэг мэдээллийг шуурхай хүргэх, шинжлэх ухааны ажлын үр дүнг сурталчлан таниулах зэргээр монгол хүнийг соён гэгээрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах төв болох ажээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Соёлын дэд сайд М.Батбаяр, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, Эрдэмтэн Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал, Өлзийт сумын Засаг дарга Г.Баттулга, Батцэнгэл сумын Засаг дарга Ц.Зоригтхүү нар оролцсон байна.

Мөн Өгийнуур сумын нутаг дахь Тамирын улаан хошуу, Батцэнгэл, Өгийнуур сумын нутаг дахь Талын гурван хэрэм дээр археологийн судалгааг эхлүүлэх, эрчимжүүлэхэд анхаарч, төсөв санхүүг шийдвэрлэхээр болжээ.



関連ニュース