“NBA”-ийн зарим тоглогч вакцинд хамрагдаагүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-09-29 13:37:32

ВАШИНГТОН. /Anadolu/. Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ 76 дахь улирал эхлэхэд гурван долоо хоногийн хугацаа үлдээд буй энэ үед зарим тоглогч “COVID-19”-ийн вакцинд хамрагдаагүй байгаа нь маргаан дагуулах болжээ.


Одоогийн байдлаар нийт тамирчдын 90 хувь нь вакцины ядаж нэг тунд хамрагджээ. Гэвч “Нью-Жерси Нетс” багийн хамгаалагч Кайри Ирвинг тэргүүтэй тоглогчид вакцин хийлгээгүй байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.


NBA”-ийн тоглогчдод коронавирусний вакцинд заавал хамрагдах шаардлага тавиагүй ч Нью-Йорк, Сан-Франциско зэрэг хотод тоглолтод оролцохын тулд вакцин хийлгэсэн байх шаардлагатай юм. 


“Голден Стэйт Уорриорз” багийн тоглогч Эндрю Виггинсийн хувьд шашин шүтлэгтэй холбоотой шалтгаанаар вакцинд хамрагдахгүй байх хүсэлт гаргасан ч “NBA” хүлээн авахаас татгалзжээ.


NBA”-ийн мэдээлснээр, Э.Виггинс хотын засаг захиргаанаас тавьж буй вакцинжуулалтын шаардлагыг биелүүлэхгүй бол багийнхаа талбайд тоглож чадахгүйд хүрнэ. Харин Э.Виггинс өөрийн шийдвэрийг зөвтгөсөн мэдэгдлийг хожим нь хийжээ.


Үүнээс гадна “NBA”-ийн домогт тамирчин Карим Абдул-Жаббарын хувьд вакцинд хамрагдахаас татгалзсан ажилтан, тоглогчдыг чөлөөлөх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн байна. 

関連ニュース