Боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга М.Батжаргал нээж, УИХ, Засгийн газрын гишүүн, БШУ-ны сайд Д.Энх-Амгалан “2021-2022 оны хичээлийн жилийн онцлог, боловсролын шинэчлэл” илтгэлээр үргэлжлүүлсэн.
Архангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн санаачилгаар аймгийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш нарын анхдугаар зөвлөгөөнийг 2020 оны 8 дугаар сард “Боловсролын чанарт ахиц гаргацгаая” уриатайгаар зохион байгуулж байсан.
Энэ жилийн тухайд "Ковид-19" цар тахлын улмаас удирдах ажилтны түвшинд зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн багш, ажилчдын нийгмийн баталгаа, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хуулийн төсөл боловсруулж байгаа бөгөөд тус хуулийн төслийн үзэл санаа, гарц шийдлийг зөвлөгөөнд танилцуулсан байна.
Үүнд:
-Салбарын хөнгөлөлт, дэмжлэгийг бий болгох, багш, ажилчдын төрийн их, дээд сургуульд суралцах хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс дэмжих,
-Багш, ажилчдын тэтгэвэр тогтоолгох дунджийг дараалсан 7 биш 5 жилээр, хувь хэмжээг бусад салбарын жишгийн дагуу 60-80 хувиар тогтоох,
-Багш, ажилчдыг урьдчилгаа төлбөргүй орон сууцны зээлд хамруулах боломжийг бүрдүүлэх,
-Багш, ажилчдын тэтгэвэрт гарах насыг өөрийн хүсэлтээр эмэгтэй 50, эрэгтэй 55 болгох асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх,
-Цалинд үр дүнгийн урамшууллыг оруулах өөрчлөлтийн хүрээнд дундаж цалинг үе шаттайгаар 2 дахин нэмэгдүүлэх зэргийг танилцуулж, хуулийн төсөлдөө санал авахаа хэлсэн юм.