Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг хянан шалгах аян эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг хянан шалгах аяныг улс орон даяар эхлүүлсэн.
Даатгуулагчдын хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон байдалд хяналт шалгалт хийх ажлыг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хүчин төгөлдөр бүх шийдвэрийг хамруулахаар төлөвлөжээ.
Архангай аймгийн хэмжээнд 2020 оны байдлаар нийт 3853 иргэн хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгожээ.
Аймгийн хүн амын тоотой харьцуулахад хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон иргэд 4 хувийг эзэлж байна. Энэ нь улсын дунджаас 0,6 хувиар өндөр байгааг ХНХЯ-наас мэдээлж байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын гаргасан тушаалын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар ажлын баг байгуулан ажиллаж байна.
Ажлын баг аймгийн хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон 3800 гаруй иргэдээс 2600 иргэнийг дахин магадлалд оруулахаар шийдвэрлэжээ.
Хяналт шалгалтын ажил 10 дугаар сарын 10-ныг дуустал явагдах бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалттай холбоотой асуудлаар иргэдийн санал гомдлыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 75079000 утсаар хүлээн авч байгаа ажээ.