Техникийн үйлчилгээний төв байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулахад техник, технологийн шинэчлэл, тэжээлийн нөөц, хангамж чухал. Энэ хүрээнд орон нутгаас тавьсан саналыг аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд дэмжиж, тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, орон нутгийн малчид хэсэг бүлгээрээ нэгдэн малын тэжээлийн ургамал тариалахад нь туслах зорилгоор техникийн үйлчилгээний төвийг ХХААХҮЯ-тай хамтран төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулсан.
УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбатын санаачилгаар эхлүүлсэн хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийн хүрээнд дээрх техникийн үйлчилгээний төвийг Эрдэнэбулган сумын зургаадугаар баг болох Хоршоололд нээсэн.
Төслийн үйл ажиллагаа, гүйцэтгэлтэй танилцахаар Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон тус яамны бүрэлдэхүүн Хоршоололд энэ долоо хоногийн эхээр ажилласан юм.
Энэхүү төслийн хүрээнд газар тариалангийн иж бүрдэл техник болох 80-аас дээш морины хүчтэй трактор 14 ширхэг, хүнд диск 14, үрлэгч 14 ширхэг, чиргүүл жатка 1 ш, өвс хуйлагч боогч 1 ш, өвс пресслэгч 1 ш, хальс ороогч 1 ш зэрэг орчин үеийн хүчин чадал сайтай тоног төхөөрөмжүүд Архангай аймагт нийлүүлжээ.
