Дулааны "Эх голомтын илч" ХХК-ийн өвлийн бэлтгэл ажлыг шалгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг аймгийн дулаан үйлдвэрлэлийн “Эх голомтын илч” ХХК-ийн халаалтын төвүүдэд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулжээ.
Хяналт, шалгалтын хүрээнд халаалтын төвүүдийн техник тоног төхөөрөмжийн их болон урсгал засвар, шинэчлэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө түүний хэрэгжилтийг хангасан эсэх мөн аваарын сэлбэг хэрэгслийн нөөц материал бүрдүүлэлтийг шалгасан байна.
Шалгалтаар тус байгууллага нь их болон урсгал засваруудыг хийж, тодорхой тоног төхөөрөмжүүдийг засварлан, өвлийн бэлтгэлийг хангасан гэсэн дүгнэлт гарсан байна.
‘’Эх голомтын илч’’ ХХК нь Эрдэнэбулган сумын хэмжээнд 10 халаалтын төвд 78 машинист, 14 инженер техникийн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
‘’Эх голомтын илч’’ ХХК-иас Өвөрхангай аймгийн Баянтээгийн уурхайн нүүрсний үнэ нэмэгдсэн. Мөн бороо хур элбэгтэй байсан тул Тарнын гүүрээр тойрч байгаа нь нүүрс тээвэрлэх зай нэмэгдэж санхүүгийн хүндрэл үүсгэж байгааг хэлжээ.