20 сая мод тарих аяныг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлж, 2030 он хүртэл Монгол Улс
нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэхээ зарласан. Тэгвэл Дарханчууд энэхүү үндэсний
хөдөлгөөнд нэгдэж "Ногоон Дархан 2032" хөтөлбөрийн хүрээнд 11 жилийн
хугацаанд 20.0 сая мод тарих аяныг эхлүүлж буйгаа өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Азжаргал танилцууллаа.
Дарханчууд 60 жилийн хугацаанд
суурьшлын бүсийнхээ 23 хувьд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийсэн хэдий
ч аймгийн нийт газар нутгийн 20 хувь буюу
9,8 мянган га талбай цөлжилтөд өртсөн тухай тоон судалгаа байна.
Иймд иргэн бүр жилд 10 мод тарихад
хотоо цөлжилтөөс хамгаалж, өмнөө тавьсан зорилгоо биелүүлж чадна. Цаашид
"Тэрбум мод тарих - Үндэсний хөдөлгөөн"-ий хүрээнд төр, иргэн,
ААНБ-ын хамтын ажиллагаа, оролцоо дэмжлэгээр 16 байршилд нийт 1000 орчим га
газарт мод тарина. "Зулзагын гол"-ын ойн санг нэмэгдүүлж 10 сая мод
тарихаар төлөвлөж байна гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээллийн эхэнд
онцоллоо.
Шарын гол, Хонгор сумынхан тус бүр 1
сая мод тарих бол Орхон сумынхан 500.000 мод тарих юм. Харин аймгийн нийт хүн
амын 86 хувь нь оршин суудаг Дархан суманд 11 жилийн хугацаанд 7,5 сая мод
тарихаар төлөвлөж буй бөгөөд жилд дунджаар 680.000-750.000 мод тарих юм.
Төрийн зүгээс мод тарих байршлыг зааж
өгнө. Мөн усалгаа, арчилгаа, хашаажуулалтын ажилд анхаарахын зэрэгцээ мод тарьж
буй иргэн, ААНБ-ыг урамшуулах хөшүүргийг бий болгож ажиллах юм. Тухайлбал:
Иргэд тухайлан заасан нийтийн эзэмшлийн 1 м2 зам талбайд зүлэг, мод таривал
төрөөс жил бүр 5000 төгрөгөөр урамшуулна.
Иргэн, ААНБ нь шинээр эзэмшсэн,
шилжүүлж авсан газрынхаа 10 хувьтай тэнцэх талбайд болон тусгайлан заасан
газарт мод тарьж ногоон байгууламж бий болгоно.
Энэ үеэр аймгийн нутаг дэвсгэрт
шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжийг хүлээж авахдаа гадна талбайн
ногоон байгууламжийг бүрэн хийсэн эсэхэд хяналт тавих ажлын хэсгийг томилсон
аймгийн Засаг даргыг захирамжийг танилцуулсан.
Дарханчууд та бүхнийг үндэсний
хөдөлгөөнийг дэмжиж иргэн бүр ногоон хөгжлийн төлөө гар бие оролцохыг уриалж
байна.



