“Хотонт нэхий” брэндийг бүтээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Хотонт сумын иргэн Д.Санги үнэгүйдэж, хог дээр хаягдаж байгаа хонины нэхийг харж харамсан, хонины нэхий боловсруулах цехээ нээжээ. Тэрээр 2018 онд анх 3.5 сая төгрөгийн өртөгтөй нэхий элдэх машиныг авч туршиж эхэлсэн байна. Сумын удирдлагууд ч үйл ажиллагааг нь дэмжиж, цехийн газрыг сумын “Мал нядалгаа”-ны цэгийг түшиглэн олгожээ. Мөн сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, “Хотонт нэхий” цехээ байгуулсан аж.
2018 оноос хойш цехийн
үйл ажиллагаа тогтмолжиж, бүтээгдэхүүний тоо жилээс жилд нэмэгдсээр, анхны жил
200, 2019 онд 300, 2020 онд 800 нэхий, 1500 хурганы арьс, 2021 онд 3000 нэхий 5000
гаруй хурганы арьсыг элдэж, хэрэглэгчдэд нийлүүлжээ.
Энэ оны 4-р сараас
эхлэн сумынхаа 3 өрхийн 5 хүнийг ажлын байраар хангаж, сард 600.000-750.000
төгрөгөөр цалинжуулж байна.
Цаашид боловсруулсан
арьсаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавьжээ. Ингэхдээ ардын
уламжлалт технологиор сур элдэх, үхэр, адууны ширийг боловсруулах тоног
төхөөрөмжийг худалдан авч, бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулахыг зорьж байгаа юм.
Тэрчлэн оёдлын цех байгуулж, эцсийн бүтээгдэхүүн оёж, зах зээлд нийлүүлэх
эрмэлзэлтэй ажиллаж байгаа
тухай “Архангайн амьдрал” сонинд нийтэлжээ.
Цахилгаанчин
мэргэжилтэй Д.Санги арьс элдэхээр авсан
анхны машинаасаа санаа авч, дараагийн машинуудыг өөрөө зохион бүтээж эхэлсэн
бөгөөд одоо тус бүр нь 3,0 сая төгрөгийн өртөг бүхий 4 техниктэй болжээ.

