Аймаг төсвийн орлогын төлөвлөгөөг 107.6 хувиар давуулан биелүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2021 оны эхний 8 сард аймгийн төсөвт 14969.5 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 16108.1 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 107.6 хувиар биелүүлсэн байна.
Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 6929.2 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 8067.8 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 116.4 хувиар биелүүлжээ.
Төсвийн орлогын төлөвлөгөөг Ихтамир, Өндөр-Улаан, Өгийнуур, Чулуут, Эрдэнэмандал, Хайрхан, Хотонт, Тариат, Төвшрүүлэхээс бусад сум 119.2 хувиар давуулан биелүүлсэн байна.
Аймгийн төсвийн орлогын 49.9 хувийг тусламжийн орлогоор, 30.9 хувийг орлогын албан татвараар, 3.7 хувийг хөрөнгийн албан татвараар, 9.0 хувийг бусад албан татвараар, 5.1 хувийг татварын бус орлогоор, 1.4 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.
Орлогыг нэр төрлөөр нь үзвэл рашаан ус ашигласны төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамж, байгалийн ургамал ашигласны төлбөр, бууны татвараас бусад нэрийн орлогуудыг 103.8 хувиас 6 дахин ихээр давуулан биелүүлсэн байна.
Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 238.9 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 1184.2 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 29.9 сая төгрөг, ус бохирдуулсны төлбөр 6.2 сая төгрөг бүгд 1459.2 сая төгрөгийг шилжүүлж төлөвлөгөөг 25.6 хувиар давуулан биелүүлжээ.