Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын явцтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-10-06 14:17:19

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон бусад албаны хүмүүс Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН 3244/3245 төслийн явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Төв цэвэрлэх байгууламжийн төсөл 2015 оноос 8 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар эхэлсэн. Өнөөдрийн байдлаар цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, насос станцын шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 41 барилга байгууламжийг шинээр барьж угсрахаас 22 байгууламжийн барилга угсралтын ажил дуусчээ. Одоо 13 байгууламжийн барилга угсралтын ажлыг хийж байна. Зургаан байгууламжийн барилгын ажил одоогоор эхлээгүй аж.

Нийт хийх ажлыг эзлэх хувиар нь харьцуулбал: Нийт бетон цутгалтын 91 хувь нь хийсэн, Хийц бүтээц угсралтын 92 хувийг угсарсан, Тоног төхөөрөмж угсралтын 24 хувь нь хийсэн, Цахилгаан механик тоног төхөөрөмж худалдан авалтын 82 хувь нь төслийн талбайд нийлүүлэгдсэн байна. А1 багцын барилга угсралтын ажлын явц 76, 8 хувьтай байна.

2020 оны 11-р сарын 25-ны ТУХ-ны хурлаар зээл хаах хугацааг 2021 оны 6-р сарын 30-ны өдрөөс 2022 оны 3-р сарын 31-ний өдөр хүртэл сунгах хүсэлтийг Сангийн яам болон Азийн хөгжлийн банканд хүргүүлсэн байна. Азийн хөгжлийн банкаас хүсэлтийн дагуу зээл хаах хугацааг 2022 оны 3-р сарын 31-ний өдөр хүртэл сунгаж МОН 3244/3245 төслийн зээлийн эх үүсвэрийн дахин хуваарилалтыг баталжээ.

Зээл хаах хугацааг сунгасантай холбоотойгоор барилга угсралтын ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт орж 2021 оны 10 дугаар сарын 31-нд барилга угсралт тоног төхөөрөмж суурилуулалтын ажлыг бүрэн дуусгаж 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн тоног төхөөрөмжийн туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэн, 12 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгөх ёстой байсан боловч ерөнхий гүйцэтгэгчийн менежмент муугаас шалтгаалж гүйцэтгэл төлөвлөсөн хугацаанаас 14.5 хувийн хоцрогдолтой явж байгааг Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл МОН 3244/3245 төслийн Дархан төслийн ахлах инженер Д.Энхтуяа хэллээ. Аймгийн Засаг дарга ажлыг урагшлуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

関連ニュース