“Саммит” дээд хэмжээний уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-16 16:52:24

Төв /МОНЦАМЭ/ Зүүн хойд Азийн орнуудын орон нутгийн захирагч нарын 25 дахь удаагийн “Саммит” дээд хэмжээний уулзалтыг цар тахлаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгууллаа.  

Энэ удаагийн чуулганыг “Энх тайван, найрамдал хамтын хөгжилд зориулсан Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаа хоорондын хамтын ажиллагааны арга зам” сэдвийн хүрээнд хийв. Төв аймгийн хувьд  “Боомт, нисэх буудал, төмөр зам ашигласан нэгдсэн барааны хангамж, логистикийн сүлжээг бий болгох арга зам” сэдэвт илтгэл мэдээлэл хийж оролцлоо.


Тус үйл ажиллагааг 1995 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн. Уг чуулганд Монгол Улсын Төв аймаг, ОХУ-ын Приморын хязгаар, БНХАУ-ын Жилинь муж, БНСУ-ын Кангвон муж, Япон улсын Тоттори мужууд хамтран оролцдог. 

Энэ удаагийн уулзалтаар Евро Азийн эдийн засгийн бүсийг бий болгох бэлтгэлийг хангахын тулд нэгдсэн ложистикийн сүлжээг үүсгэхийг зорин идэвхтэйгээр хамтран ажиллахаар болж, Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Мөн тус тунхаг бичигт Олон улсын үйл ажиллагааг дэмжин хамтарч ажиллахаар тусгагджээ. Тухайлбал:

-Кангвон аймагт 2022 онд зохион байгуулах Пёнчанг форум, дэлхийн ойн экспо-2022, Олон улсын гадаад худалдаа хөрөнгө оруулалтын GTI- 2022 үзэсгэлэн, 2024 оны Кангвон өвлийн хүүхэд залуучуудын олимп

-Гирин мужид зохион байгуулах Хунчунь далайн эдийн засгийн хөгжлийн үзүүлбэр, Хятадын Чанчунь мужийн олон улсын хамтын ажиллагааны үзүүлбэр, бүтээн байгуулалт, 2023 оны Зүүн хойд Азийн бүс нутгийн 3 дахь удаагийн үйл ажиллагааны уулзалт, Зүүн хойд Азийн 14 дэх удаагийн экспо 2023, 2022 оны Чанчунь олон улсын хөдөө аж ахуйн хүнсний экспо

-Тотори мужид 2021 оны дэлхийн мастеруудын тоглолт, олон улсын манга тэмцээн

-ОХУ-ын Приморск мужид зохион байгуулах Дорнын эдийн засгийн форум, Номхон далайн жуулчлалын форум, Номхон далайн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн

-Монгол Улсын Төв аймагт зохион байгуулах үндэсний баяр наадам Төв түмний цэнгэл наадамд тус тус оролцох юм.

Зүүн Хойд Азийн орнуудын орон нутгийн захирагч нарын дээд хэмжээний уулзалт өмнөх жилүүдэд үндсэн хуралдаанаас гадна Эдийн засгийн зөвлөл, Байгаль орчин хамгаалах зөвлөл, Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн салбар хуралдаанууд мөн 5 мужийн зураачдын үзэсгэлэн гардгаараа онцлогтой байсан хэдий ч цар тахлын улмаас хойшлогдсоор өнөөдөр цахимаар БНСУ-ын Кангвон мужаас зохион байгуулсан юм.

26 дахь удаагийн Зүүн хойд Азийн орнуудын орон нутгийн Засаг дарга, захирагч нарын чуулганыг 2022 онд БНХАУ-ын Гирин мужид зохион байгуулна. 

 

関連ニュース