Австрали улс нүүрсний олборлолт, ашиглалтаас татгалзах тухай гэрээг дэмжихгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-10-30 13:37:18

СИДНЕЙ. /TASS/. Австрали улс Ромд эхэлж буй “G20”-ийн дээд хэмжээний уулзалт болон Глазго хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр нүүрсний хэрэглээг үе шаттайгаар халах тухай гэрээнд нэгдэхгүй гэж “The Australian” сонин тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисоны мэдэгдлээс эш татан мэдээлсэн байна. Тэрбээр “G20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Ромд хүрэлцэн очоод байгаа юм.


Тус сонинд бичсэнээр, Моррисон дээрх хоёр уулзалтын үеэр "Австралийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавихаар төлөвлөж байгаа бөгөөд нүүрсний олборлолтыг үе шаттайгаар зогсоох, чулуужсан түлшнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тухай гэрээнд оролцохгүй байна".


"Эцсийн мэдэгдлийг ойрын хэдэн өдөр боловсруулна. Харин эдгээр асуудлаар Австралийн бодлого тов тодорхой байх бөгөөд бид Ром, Глазгод улс орныхоо ашиг сонирхлыг нэгдүгээрт тавина. Бүх улс орон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг янз бүрийн аргаар шийдвэрлэж байгаа бөгөөд эдийн засаг нь ч янз бүрийн сорилтуудтай тулгарч байна. Австралийн нөхцөл байдал ч Европ болон бусад орныхоос тэс өөр байна" гэж Моррисон мэдэгдсэнийг сонинд эш татжээ.


Тэрбээр мөн Австрали улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр шийдвэртэй алхам хийж байгааг тэмдэглэсэн байна. "Бидэнд зөвшилцөж, төлөвлөгөөгөө ярилцах, магадгүй бие биенээсээ суралцах сайхан боломж гарч ирнэ. Дэлхийн аль ч улс дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг дангаараа шийдэж чадахгүй шүү дээ" гэж Ерөнхий сайд хэлээд дэлхийн хамтын нийгэмлэг утааг бууруулах технологийн шийдлүүдийг ил тод нээлттэй болгох хэрэгтэй" гэж цохон тэмдэглэсэн байна.


Австрали бол дэлхийн нийт нүүрсний 30 орчим хувийг (400 сая тонн) зах зээлд нийлүүлдэг нүүрс экспортлогч томоохон орнуудын нэг юм. Австралийн Статистикийн товчооны мэдээллээр, 2020 оны санхүүгийн жилд тус улс нүүрсний борлуулалтаас ойролцоогоор 54.62 тэрбум австрали доллар (41.1 тэрбум ам.доллар) олсон нь нийт экспортын 15 орчим хувийг эзэлж байна. Мөн нүүрс нь дотоодын зах зээлд цахилгаан эрчим хүчний 80 орчим хувийг хангадаг бол байгалийн хий болон сэргээгдэх эрчим хүч тус тус 10, 16 хувийг эзэлдэг байна. 


関連ニュース