Энэ сард 25.2 мянган га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай
/МОНЦАМЭ/. Бэлчээрийг
хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийн ургамал хөрсөнд хөнөөл учруулж буй үлийн
цагаан оготнотой тэмцэх ажлыг микро биологийн аргаар нийт 4 сумын 15000 га
бэлчээрийн талбайд технологийн хугацаанд нь зохион байгуулсан.
Өөрөөр хэлбэл, Өгийнуур сумын 5000 га, Батцэнгэл сумын
2500 га, Хашаат сумын 5000 га, Хангай сумын 2500 га-д үлийн цагаан оготнотой
тэмцэх ажлыг хийсэн. Дөрвөн сумын 14 багийн оготнын тархалт ихтэй 15000 га
бэлчээрийн талбайд 30 тн бактержуулсан бэлдмэлийг /будаа/ цацах ажлыг 43
автомашин, 22 мотоцикл, 79 төрийн албан хаагч, 14 ажил идэвхтэй хайж буй иргэн,
477 малчинтай хамтран үр дүнтэй зохион байгуулсан гэж аймгийн ХХААГ-аас
мэдээлсэн.
Одоо
11 дүгээр сард бэлчээрийн хөнөөлт
үлийн цагаан оготнотой энгийн механик, биологийн аргаар 25,2 мянган га талбайд
тэмцэх ажиллагааг зохион байгуулна.
Үүнд Хашаат сумын 8000 га, Цэцэрлэг сумын 8000 га,
Өлзийт сумын 4600 га, Өгийнуур сумын 4600 га талбайд хийхээр сумдаас санал
ирүүлж, гэрээ байгуулжээ