Ирэх онд 89,4 га газрыг өмчлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болж, 11 тэргүүлэгчээс ес нь оролцжээ.
Хуралдаанаар 11 асуудал хэлэлцсэнээс есийг нь шийдвэрлэсэн байна. Энэ удаад “Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр” батлах, “Гавьяат үйлстний нэрэмжит болгох” журам батлах тухай асуудлуудыг хойшлуулав.
Хуралдаанаар Монгол Улсын Боловсролын их сургуулийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулахаар уламжлахаар боллоо.
-Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар уламжлах тухай, хэлэлцсэн ба үүнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Гавьяат багш, тээвэрчин, малчин зэрэг нийт 129 хүнийг шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилжээ.
Дараа нь газар тариалан, хадлан тэжээл, бэлтгэх, техник, тоног төхөөрөмжийн түрээсийн үнэ, тариф тогтоох тухай хэлэлцэж баталсан.
"Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Техник дундын үйлчилгээний төвийг шинээр байгуулж, цаашид газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, иргэн, аж ахуй нэгжүүдэд түрээсээр үйлчлэх юм.
Тарифыг хагалгаа, шууд хураах-тус бүр 80000, сийрүүлэх /хавах/, борнойдох, булдах, үр тариа үрлэх, цайруулах-тус бүр 50000, хор цацах-40000, үр тариа ачих, тариа цэвэрлэх-тус бүр 5000 /1тн/, бордоо цацах-35000, тэжээл өвс боох-1000 /1 боодол/, хадах, тармах 60000 төгрөг байхаар тогтоожээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тухай хэлэлцсэн байна. Үүгээр Цэнхэр сумын нутагт “Хужиртын үзүүр” нэртэй ХА-65000118 бүртгэлийн дугаартай 25 гектар талбайд “Саруул харгуй” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжжээ.
Мөн энэ хурлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж, ашиглалтад орсон үл хөдлөх хөрөнгүүд болох 23 барилга байгууламжийг аймгийн орон нутгийн өмчид бүртгэн авлаа.
2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, зориулалт, байршлын саналыг уламжлах тухай хэлэлцэж баталжээ.
Ирэх онд 19 суманд 60 иргэнд гэр орон сууц хашааны зориулалттай 89,4 га газрыг өмчлүүлэхээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлэхээр тогтов.