Ирэх онд Хашаат сумын цэцэрлэгийн дулаан алдалтыг бууруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт хэрэгжиж буй Семаатерр II төслийн хүрээнд ирэх онд Хашаат сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулах барилгын дулаалгын ажлыг хийхээр төлөвлөжээ.
Семаатерр II- Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах орон нутгийн хөтөлбөр, GIZ- Монгол дахь барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь төсөл, Архангай аймгийн техникийн байгууллагын төлөөлөл бүхий хамтарсан баг Архангай аймгийн Хашаат сумын хүүхдийн цэцэрлэгийн барилга, түүний үйл ажиллагаатай өнөөдөр танилцсан байна.
Хүүхдийн цэцэрлэгийн барилгад хийгдэх ажлын хүрээнд цэцэрлэгийн багш ажилчид, цэцэрлэгийн дулаан хариуцсан ажилчидтай уулзаж, барилгад цаашид хийгдэх засвар, дулаалгын ажлын талаар тэдэнтэй санал солилцжээ. Мөн цэцэрлэгийн удирдлагуудтай уулзаж, цэцэрлэгийн барилгад дулаалгын ямар засварын ажил хийгдэх шаардлагатай байгаа зэргийг судалж, ярилцсан байна.
Тус цэцэрлэгийн барилга нь Семаатерр-II төслийн хүрээнд хийсэн “Архангай аймгийн олон нийтийн барилгын эрчим хүчний гэрчилгээ”-тэй болсон 57 олон нийтийн барилгын нэг юм. Тус барилга нь 1990 онд баригдаж, баригдсанаас хойш их засварын ажил хийгдээгүй, Эрчим хүчний хэрэгцээний Е ангилалд хамаарч байгаа, дулаалах, засварлаж, шинэчлэх шаардлагатай барилга юм. Төслийн зүгээс энэхүү барилгыг дулаалах, засварлахад санхүүжилтийн тодорхой хувийг гаргах ба зураг төслийн үе шатнаас эхлэн засвар хийж дуусах үе шатанд технологийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, холбогдох мэргэжилтнүүд, ойролцоох сумдын шийдвэр гаргагч нарт сургалт нөлөөллийн ажлууд хийхээр төлөвлөжээ.