Архангайд 0-8 см зузаан цасан бүрхүүл тогтов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШТ-өөс цаг агаарын мэдээг өдөр бүр гаргадаг. Аймгийн төвд өчигдөр 9 цаг 30 минутаас цас орж эхэлсэн ба 20.00 цагийн байдлаар цасны зузаан 6 см, тунадасны хэмжээ 3,9 мм болсон байна.
Харин 22 цаг 10 минутын байдлаар цас үргэлжлэн орсоор агаарын температур -11,5 градус, салхи зүүн хойноос 1м/сек, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 829.6 г/па байжээ. Шөнөдөө цас орж хоносон.
Харин өнөөдөр өглөөний 8.00 цагийн байдлаар цасны зузаан 8 см, тунадасны хэмжээ 1.8 мм, агаарын температур -15.0 градус, салхи баруунаас 2м/сек, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 834.1 г/па байна. Шөнөдөө цасны зузаан 2 см-ээр нэмэгдэж, нийт орсон тунадас 5.7 мм болсон байна.
Сумдын тухайд өнөөдөр өглөөний 8:00 цагийн мэдээгээр Эрдэнэмандал, Хайрхан, Цахир сумын нутгаар цасан бүрхэцгүй, бусад сумын нутгаар 0-8 см зузаан цасан бүрхэц тогтсон байна. Өчигдөр өдөр Эрдэнэмандал, Хайрхан, Цэцэрлэг, Цахир сумын нутгаар цас ороогүй, бусад сумын нутгаар 0.0-4.0 мм цас орсон байна. Өнгөрсөн шөнө Эрдэнэмандал, Жаргалант, Өлзийт, Өндөр-Улаан, Хайрхан, Хашаат, Цэцэрлэг, Цахир сумын нутгаар цас ороогүй, бусад сумын нутгаар 0.0-3.0 мм цас оржээ.
Салхи нийт нутгаар секундэд 2-14 метр, өчигдөр өдөр Эрдэнэмандал, Батцэнгэл, Цахир сумын нутгаар секундэд 11-14 метр хүрч ширүүссэнийг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.