Номын баярыг анх удаа цахимаар зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-08 18:12:32

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Архангай аймгийн Нийтийн номын сангаас “Номын баяр-2021” үйл ажиллагааг “Өдөр бүр уншъя” уриатайгаар цахимаар зохион байгуулсан.

Энэ нь орон нутагт ном унших хөдөлгөөн өрнүүлэх, зохиолч уншигчдын уулзалт ярилцлага зохион байгуулах, номын өв санг баяжуулах, хүүхэд залуучуудын ном унших хүсэл сонирхлыг хөхиүлэн дэмжих, сурталчлан таниулах, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх зорилготой юм.

Номын баярын хүрээнд Архангай аймгийн иргэд, зохиолчдын 2021 онд хэвлэгдсэн шинэ номын мэдээг гарган, цахимаар сурталчилж, уншигчдын хүртээл болгож байна. Монгол Улсын СГЗ, сэтгүүлч, зохиолч Г.Жамцын үргэлжилсэн үгийн зохиол, судалгааны бүтээлүүдээс дээжлэн эмхэтгэсэн шилмэл бүтээлийн 8 боть номыг гаргажээ. Үүнд I боть-“Тавилан” роман

/шинэчлэн засварласан/, II боть: “Мөхлийг гэтэлгэх ногоон эгшиглэн” сэтгүүл зүйн шилмэл бүтээлүүд , III боть: “Цөвүүн цагийн жавар” роман, IV боть: “Хар хул” тэргүүт дөрвөн туужис, V боть: “Оргил бэл” хөрөг, найрууллууд, VI боть: “Асуудал дэвшүүлсэн нийтлэлийн дээжис” , VII боть: “Сэтгэлийн гал” тэргүүт өгүүллэгүүд монгол, кирилл хос бичгээр, VIII боть: “Нэн тод гэрэлтэх Зая Бандида” судалгааны бүтээл байлаа.

Мөн ахмад уншигч Н.Даниновын “Миний амьдрал” намтар-дурсамжийн ном, Өндөр-Улаан сумын харьяат, МҮОНР-гийн “Нийгэм” нэвтрүүлгийн албаны редактор, Г.Сэр-Одын болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайханы “Араг үүрсэн хавар” яруу найргийн ном, Цэнхэр сумын харьяат, залуу яруу найрагч Л.Түвшинцэцэгийн “Сургааль шиг амьдралгүй яахав” яруу найргийн ном, Цэнхэр сумын уугуул С.Доржийн “Нам гүмийн дундуур” яруу найргийн 3 дахь бүтээл, Өндөр-Улаан сумын уугуул, сэтгүүлч Л.Ганчимэгийн “Мэдрэмжийн мөр” /сэтгүүлзүйн бүтээлүүд/, “Дөчин дөрвөн өнгө”

/ярилцлагууд/ зэрэг номууд шинээр хэвлэгдэн гарлаа. Энэ жилийн номын баярын үйл ажиллагааг анх удаа цахимаар зохион байгуулсан нь энэ ажээ.

Цахим үйл ажиллагааны хүрээнд номын сангийн нийгэмд эзлэх байр суурь, таны амьдралд номын сангийн үзүүлсэн нөлөө, ач холбогдлын тухай “Номын сан-Миний амьдралд” эсээ бичлэгийн уралдааныг ЕБС-ийн ахлах бүлгийн сурагчид болон насанд хүрэгчдийн ангилалд, “Миний хайртай үлгэрийн баатар” гар зургийн уралдааныг ЕБС-ийн бага бүлгийн сурагчдын дунд явуулсан ба гар зургийн уралдаанд 60 бүтээл, эсээ бичлэгийн уралдаанд нийт 64 оролцогчийн бичвэрийг хүлээн авч, шалгаруулжээ. 

関連ニュース