Сумдын тусгай зөвшөөрөл бүхий дулаан үйлдвэрлэгч ААН-үүдэд шалгалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-10 18:17:29

Архангай /МОНЦАМЭ/. Сумдад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан байдал, дулаан үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлж буй 8 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагууд, хэрэглэгчдэд шалгалт хийсэн байна. Үүгээр дулааны үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, ажлын байрны нөхцөл, шаардлагын биелэлтэд газар дээр нь дүгнэлт гарган, заавар зөвлөгөө өгч, эрчим хүчний хөнгөлөлтийн хэрэгжилттэй танилцжээ.

Шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн байна.

1. Тусгай зөвшөөрөлгүйгээр дулааны үйл ажиллагааг доголдолтой явуулсан.

2. 2020-2021 онд хэрэглэсэн нүүрсний үнсийг цэвэрлэх, зөөж хаях ажил хийгээгүй мөн зуухны барилгын дотор цэвэрлэгээ хийгээгүй,

3. Аюулгүй ажиллагааны техник хэрэгслүүд нь баталгаажаагүй, хэвийн бус ажиллагаатай,

4. 2021-2022 оны халаалтын улиралд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудтай дулаанаар хангах, хангагдах гэрээ хийгээгүй,

5. 2021-2022 оны халаалтын улиралд урсгал зардлын төсөвгүй, засвар хийгээгүй,

6. Халаалтын төвд гэрэлтүүлэггүй,

7. Хэрэглэгчийн задгай болон хэмжүүрийн үнэ, тарифын тооцоо хийж батлуулаагүй.

8. Өвөлжилтийн бэлтгэлд нүүрсний нөөц хүрэлцэхгүй,

9. Дулаан түгээх сүлжээний эзэмшлийн заагийг тодорхойлоогүй, баталгаажуулаагүй,

10. Дулаан түгээх сүлжээний хамгаалалтын зурвасыг баталгаажуулаагүй,

11. Хэрэглэгчид барилгын дулаан алдагдлыг бууруулаагүй.

12. Халаалтын төвийн ажилчид шаардлага хангахгүй хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлтэй гэх мэт зөрчил, дутагдлууд гарсан байна.

Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй нэгж байгууллагыг холбогдох хяналтын хуудсаар эрсдэлийн түвшинг тогтооход дунджаар 80 хувь бага эрсдэлтэй үнэлэгджээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ажуй нэгжийн удирдах болон инженер, техникийн ажилтнуудад шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг хэрхэн арилгах, эрсдэлийг бууруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улсын байцаагчийн 12 заалт бүхий 2 албан шаардлагыг хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Уг хяналт шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах удирдамж”-ийн дагуу аймгийн Засаг даргын тамгын газар, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг хийсэн байна.


関連ニュース