Хятадын эрх баригчид ирэх сарын эхээр Хонконгтой хилээ нээж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-11-19 10:21:45

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хятадын эрх баригчид 12 дугаар сарын эхний долоо хоногоос буюу төлөвлөснөөсөө эрт Хонконгтой хилээ аажмаар нээж эхэлнэ гэж “South China Morning Post” мэдээлэв.


Тус сонинд мэдээлснээр, эхний шатанд хатуу квотын систем хэрэгжүүлж, өдөрт хэдхэн зуун хүнийг тусгаарлах дэглэмгүйгээр хилээр нэвтрэхийг зөвшөөрөх аж.


Анх 12 дугаар сарын 17-нд хилийг нээхээр төлөвлөж байсан ч БНХАУ-ын дээд удирдлагаас энэ асуудлаар дэмжлэг авсны дараа талуудын зөвлөлдөх уулзалт эрчимжсэн гэж сонины эх сурвалж мэдээлсэн байна.


Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам Хятадын эх газартай хилээ нээх нь түүний нэн тэргүүний зорилт гэж нэг бус удаа мэдэгдэж байсан юм.  Хоёрдугаар сар гэхэд аяллууд илүү өргөн цар хүрээтэй болж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болно гэж тэрбээр найдаж байна. Хонконг болон хөрш Гуандун мужийн хуурай газрын хилийг 2022 оны зургаадугаар сараас хэтрүүлэхгүй бүрэн нээх төлөвтэй байна.


Хүн амынх нь 66.7 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа Хонконгт сүүлийн саруудад зөвхөн зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдол бүртгэгджээ. Гэсэн хэдийн ч БНХАУ-ын эрх баригчид цар  тахал дэгдсэнээс хойш хаалттай хэвээр байгаа хил дээр авсан хорио цээрийн хатуу арга хэмжээг зөөлрүүлэх гэж яарахгүй байгаа ажээ.

関連ニュース