Импакт төслийн хүрээнд Эрдэнэбулган суманд эко зоорь барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-20 12:40:11
Архангай /МОНЦАМЭ/. Импакт төслийн хүрээнд, сумын хүнсний ногооны салбарыг хөгжүүлэх зорилготойгоор Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын 40 хувь, төслийн 60 хувийн санхүүжилтээр Эрдэнэбулган сум /аймгийн төв/-ын Хүлэмжийн цогцолборт 60 тоннын багтаамжтай эко зоорийг шинээр барьжээ.
Жэрэс ОУТББ-ын загварчилсан эко зоорины гол зорилго нь зооринд өөр төрлийн халаалт хийх шаардлагагүйгээр өвлийн улиралд хүнсний ногоогоо хадгалах юм. Бүтэн жилийн турш хөлдөх хэмээс дээш байдаг газрын тогтмол температурыг ашиглахын тулд эко зоорийг ердийн зоориноос буюу газрын гүнээс ойролцоогоор 3м илүү гүнд ухаж суулгадаг. Зоорины доторх дулааныг хадгалах, гаднах хүйтнийг зоорины дотор талд оруулахгүй байхын тулд хана, дээврийг дулаалжээ.

Эрдэнэбулган сумын хүнсний ногоо тариалагчдад тулгамдаж буй асуудлуудын нэг бол өвлийн улиралд хүнсний ногоо хадгалах зоорь юм. Өвлийн улиралд ногоог хөлдөөхгүй хадгалснаар тариаланчид өвөл эсвэл хаврын улиралд бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулж, нэмэлт орлоготой болохоос гадна өвлийн улиралд хүнсний аюулгүй байдлыг хангах боломжийг олгодог. “Эко зоорь” барих нь энэ хэрэгцээг хангахад тусалжээ.
Импакт төсөл Эрдэнэбулган сумын ЗДТГ-тай хамтран уг зоорины цаашдын ашиглалтын төлөвлөгөөг гаргахын зэрэгцээ тариаланчдад зориулсан сургалтуудыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.
Европын холбооны санхүүжилттэй Импакт төслийг AVSF Монгол, Жэрэс олон улсын ТББ, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран хэрэгжүүлдэг бөгөөд төсөл орон нутгийн түвшинд шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх замаар тогтвортой ноолуур, органик ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
関連ニュース