Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх сургалт үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-22 17:23:05

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд Тамгын газрын төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний үйл ажиллагааг менежментийн өндөр түвшинд хүргэх, байгууллагын ажил үйлчилгээг сайжруулах зорилготой “Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015  стандарт нэвтрүүлэх” сургалт үргэлжилж байна. Тус сургалтад өнөөдөр /2021.11.22/ аймгийн ЗДТГ-ын чанарын багийн ажлын хэсэг хамрагдсан бөгөөд дөрвөн өдөр үргэлжилж бүх ажилтан, алба хаагчдыг хамруулах юм. 

Олон улсын чанарын менежментийг хэрэгжүүлэхийн тулд бүх шатны удирдлагаас гадна нийт албан хаагчдын оролцоо чухал юм. ЗДТГ ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа дагаж мөрдсөнөөр төрийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд доголдолгүй үзүүлэх ач холбогдолтой юм. Мөн төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүнд сурталгүй болгох ажээ.

Архангай аймаг “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд хүрээлэнгийн Захирал Т.Мөнгөнбөгж, ахлах зөвлөх, Б.Цацрал нар сургалтыг хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.

関連ニュース