Судалгаанд хамрагдсан 172 амины орон сууцын шалыг дулаалаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-03 16:20:00

Архангай /МОНЦАМЭ/. Жэрэс ОУБ-ын хэрэгжүүлж буй СЕМААТЕРР-II төслөөс амины орон сууцын нөхцөл байдлыг тодорхойлох судалгааг хийжээ.

Ингэхдээ Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газар болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай харилцан санал солилцож, Цэцэрлэг хотын амины орон сууцуудыг байршлаас нь хамааруулан 3 бүсэд хувааж судалгааг хийсэн байна. Судалгаанаас үзвэл,

• Баруун бүс буюу Арслан цохио, Цагаан даваанаас нийт 65 амины орон сууц
Урд бүс буюу Тамир хорооллоос 38 амины орон сууц

• Зүүн бүс буюу Цогт-Уул, Бор толгой, Наран булаг зэрэг газраас 69 амины орон сууц.

Энд нийт 172 амины орон сууцыг хамруулжээ. Уг судалгаагаар амины орон сууцын ерөнхий нөхцөл байдал, тэдгээрийн насжилт, орон сууцын үндсэн бүтэц, дулаан хамгаалалт, түлшний төрөл болон хэрэглээг тодруулсан байна.

Судалгаанд хамрагдсан 172 амины орон сууцын дийлэнх буюу 49 хувь нь 1990-2010 оны хооронд баригдсан ба нэг ч байшин шалаа дулаалаагүй байжээ.

Судалгаанд хамрагдсан амины орон сууцын 50 хувийг хүрмэн чулуун гулдмайн өрөгт барилга эзэлж байна. Харин 46 хувийг модон бүтээцтэй сууцууд буюу шургааг, дүнз, модон балкан барилгууд эзэлж байв.

Судалгаанд хамрагдсан 172 амины орон сууцаас 51 сууц гадна ханаа дулаалсан бол 166 сууц дээврээ ямар нэгэн байдлаар дулаалжээ. Харин шал болон барилгын суурийг дулаалсан сууц нэг ч байгаагүй байна.

Дээврийн хөндийг ихэвчлэн модны үртсээр дулаалсан байна. Хэдийгээр уг материал нь олдоц ихтэй, ашиглахад хялбар боловч зохих технологийн дагуу ашиглахгүй бол ус чийгт амархан өртөж, дулаалгын үүргээ биелүүлж чадахгүй болдог байна. Архангай аймгийн амины орон сууц эзэмшигчид халаалтад ихэвчлэн мод түлж байна. Нийт судалгаанд оролцсон байшингийн 87 хувь нь мод түлдэг бол үлдсэн 11 хувь нүүрс түлдэг.

Барилгын дулааны тэнцвэрт байдал алдагдсанаас болж хэрэглэгчийн тав тухтай байдал алдагдаж, эрчим хүчний хэрэглээ өсч байна. Сууцын дулаалга сайтай айлын хувьд халаалтын улиралд дунджаар 1 тонн түлш ашиглаж байхад дулаалга муутай сууцны түлшний зарцуулалт их байна гэсэн судалгааг гаргасан байна.

関連ニュース