Цэвдэгтэй газруудыг тусгай хамгаалалтад авах хэрэгтэйг мэдэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-12-14 13:56:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Усны нөөцийн амин чухал судал болж буй олон мянган гол, горхийн эх үүсвэр болох цэвдэгтэй газруудыг тусгай хамгаалалтад авах хэрэгтэй байгаа талаар байгаль орчны ТББ-уудаас өнөөдөр мэдэгдлээ. Мөн 2009 онд баталсан боловч 2015 онд нэмэлт өөрчлөлт нэрээр хэрэгжихгүй болгосон урт нэртэй (Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай) хуулийг сэргээж хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлага тулгарч буйг мэдэгдлээ.

2019 оны тооллогоор манай улсад 6161 гол мөрөн, 12591 булаг шанд, 3895 нуур тойром, 512 рашаан ширгэжээ. Энэ нь тухайн орон нутгийн амьжиргаа, нийгэм, эдийн засаг болон хүн амын эрүүл мэнд, оршин суухад сөргөөр шууд нөлөөлж байна гэж Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Онги голынхон хөдөлгөөн”-ий тэргүүн Ц.Мөнхбаяр тодотгов. Тэрээр, 1970-аад онд манай улсын нийт газар нутгийн 60 орчим хувь цэвдэгтэй байсан бол өнөөдөр энэ нь 20 гаруй хувь болон буурч тасалданги буюу алаг цоог болсон нь анхаарал татаж байна гэв. Монгол орны усны эх авдаг цэвдэгтэй газрууд болох Сэлэнгэ, Өвөрхангай, Хэнтий, Архангай, Төв аймагт 2011 оны байдлаар 138 компанийн алтны 246 шороон ордын лицензтэй газруудад байгаль орчны хохирлын үнэлгээ хийхэд анхны үнэлгээ нь 3 их наяд төгрөгийн хохирол гарч байсныг өгүүлэв.




Байгаль орчны 200 гаруй ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн VIII Үндэсний чуулганыг өнгөрсөн 7 хоногт “Цэнхэр алт-Ногоон хэрэм” сэдвээр зохион байгуулсныг дуулгаж, тэндээс сонгосон тус байгууллагын Удирдах зөвлөл өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийлгэж буйг тодотгож байв. МБОИЗ-ийн бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдэн зохион байгуулагдаж, үйл ажиллагаагаа шинэ түвшинд үргэлжлүүлж, байгаль орчны төлөө иргэд, ААН-үүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болсныг мэдэгдлээ.

МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнд “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Батсайхан, “Уул усны дуудлага” ТББ-ын тэргүүн Б.Бат-Эрдэнэ, “Босоо Монгол хөдөлгөөн”-ий тэргүүн П.Шинжээравдан, “Мика Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Цогзолмаа, “Чинаагийн Галсан сан”-гийн тэргүүн Г.Галтайхүү нар сонгогджээ. Харин МБОИЗ-ийн тэргүүнээр доктор С.Амгаланбаатарыг сонгосон юм. Тэд өнөөдөр мэдээлэл хийв.

Гэрэл зургийг Т.Чимгээ 

 

関連ニュース