Шүлхийн голомт бүхий сумдад хорио цээрийн дэглэм тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ихтамир, Чулуут, Эрдэнэмандал, Цахир, Жаргалант, Өндөр-Улаан, Цэнхэр суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул дээрх сумдад аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Засгийн газрын 355-р тогтоолоор шүлхий өвчин бүртгэгдсэн аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоосон байдаг. Аймгийн Засаг даргын захирамжид:
- Амьд мал, малын арьс шир тээвэрлэх, отор нүүдэл хийхийг бүх суманд хориглосугай.
- Малын гоц халдварт шүлхий өвчний голомт батлагдсан баг, айл өрхөөс малын шилжилт хөдөлгөөн, мал мах бэлтгэх, отор нүүдэл хийх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, өвс тэжээл зөөвөрлөх, хүн тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хориглосугай.
- Малын гоц халдварт шүлхий өвчний үед мэргэжил арга зүй, удирдлага зохион байгуулалтаар хангаж, шуурхай хариу арга хэмжээ авч ажиллахыг Мал эмнэлгийн газрын дарга А.Саруулжаргалд үүрэг болгосугай.
- Голомтын бүсийг тогтоож зураглалд оруулах, хорио цээрийн дэглэм сахиулах, эргүүл пост гаргах, ариутгал, халдваргүйтлийн цэгүүд байгуулж, шаардагдах вакцин, ариутгалын бодис, хамгаалах хувцас, багаж хэрэгслээр хангаж ажиллахыг Мал эмнэлгийн газрын дарга А.Саруулжаргал, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
- Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгийн малчин өрхийн малд малын эмчийн үзлэг хийлгэж, өвчилсөн малыг эрэмбэлэн ангилах, тусгаарлах, ээмэгжүүлэх ажлыг Мал эмнэлгийн газрын дарга А.Саруулжаргал, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
- Хорио цээрийн дэглэм сахиулах, эргүүл постод ажиллах алба хаагчдыг томилгоожуулж, үүрэг чиглэл өгч, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Лхагвадорж, Сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
- Хорио цээрийн дэглэм сахиулах, вакцин тарилга, хувийн мал эмнэлгийн үйл ажиллагаа хууль журмын дагуу явж байгаа эсэхэд хяналт тавьж, албан даалгавраар хянаж ажиллахыг Мэргэжлийн хяналтын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Дашхоролд үүрэг болгосугай.
- Малын гоц халдварт шүлхий өвчин гарсан шалтгаан нөхцөлийг тогтоож ажиллахыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Лхагвадорж,Тагнуулын хэлтсийн дарга, хурандаа А.Гарамгайбаатар нарт үүрэг болгосугай.
- Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэн, аж ахуй, нэгж байгууллагуудад холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцож ажиллахыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Лхагвадорж, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар, Мэргэжлийн хяналтын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Дашхоролд нарт үүрэг болгосугай.
- Хорио цээрийн бүсэд байгаа хүн амын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ, голомтод болон хяналтын цэгт ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэж ажиллахыг Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа, Сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
- Хорио цээрийн дэглэм сахиулах үйл ажиллагаанд шаардагдах зардлын тооцоо гаргаж шийдвэрлэхийг Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Бадрах, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Мөнхбат нарт үүрэг болгосугай.
- Шүлхий өвчин гараагүй сумдын удирдлагууд малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж мал сүрэгт үзлэг тандалтыг хийж халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх талаар малчдад заавар зөвлөгөө өгч хөдөө аж ахуйн мэргэжилтэн, багийн Засаг дарга нарын ажлын хариуцлагыг дээшлүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
- Хяналтын пост, цэгт ажиллах алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлийг хангаж, алба хаагч нар ажлын хариуцлага, сахилга, дэг журам, халдвар хамгааллын дэглэмийг ажил үүргийн заавраар хангаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга нар, аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбатад үүрэг болгосугай гэжээ.
Мөн өнөөдөр Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан нь батлагджээ.
Өвчлөл илэрсэн газраас 5км радиуст голомтын бүс тогтоож, 22 өрхийн 30 мянга орчим малд вакцин хийж байгаа аж.