Шүлхийн голомт бүхий сумдад шуурхай бүлэг ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий өвчин батлагдсан сумдад аймгийн Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн алба хаагчдаас бүрдсэн шуурхай бүлэг ажиллуулах аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Шуурхай бүлэг малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний мэдээ мэдээллийг авч, удирдлага зохион байгуулалт, заавар зөвлөмжөөр хангаж ажиллах юм.
Архангай аймагт 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс малын гоц халдварт шүлхий өвчин батлагдаж, урьдчилан сэргийлэх, хорио цээрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд Архангай аймгийн найман сумын 19 голомтод шүлхий өвчин дэгдэж, нийт 76 өрхийн 2622 мал шүлхий өвчнөөр өвчилжээ. Шүлхий өвчнөөс үүсэлтэй малын хорогдол гараагүй байна.
Өнөөдрийн байдлаар Ихтамир, Чулуут, Эрдэнэмандал, Цахир, Жаргалант, Өндөр-Улаан, Цэнхэр суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Булган сумын голомтыг устгаж хорио цээрийг цуцлаад байна.