Бельгид шинээр хязгаарлалт тогтооно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРЮССЕЛЬ. /TASS/. Бельгийн эрх баригчид “омикрон” хувилбар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан 12 дугаар сарын 26-наас эхлэн үзвэр үйлчилгээний бүх газрыг хаахаа зарлаж, шинээр хязгаарлалт тогтоож байгааг мэдэгджээ.
Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Александр Де Кро лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
"Бид энэ хувилбарын тархалт, аюулын талаар улам олон шинэ тоо баримт, шинэ мэдээлэл авч байна. Бид урьд урьдынхаас илүү болгоомжтой байх хэрэгтэй. Вирусийн шинэ хувилбарын тархалтыг бид хязгаарлах ёстой бөгөөд гол арга нь гурав дахь тун хэвээр байна" гэж тэрбээр хэлжээ.
Бельгийн Ерөнхий сайд цар тахалтай тэмцэх зохицуулах хорооныхоо шийдвэрийг танилцуулсан байна. Тус улсад ням гаргаас эхлэн битүү байгууламжид зохион байгуулах хамт олны ихэнх үйл ажиллагааг хориглож, кино театр, театр, концертын танхим, казино, түүнчлэн зул сарын баярын битүү захуудыг дараагийн шийдвэр гарах хүртэл хаахаар болсон байна.
Харин ил задгай талбайд зохион байгуулж буй зул сарын баярын худалдааг хэвээр үргэлжлүүлэх боловч зохион байгуулагчид нь хүн хоорондын зай барих журмыг сахиулах арга хэмжээ авах ёстойг анхааруулжээ.