“Mitsubishi Electric” компанийн удирдлагууд цалингаа хасуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /RT/. Японы “Mitsubishi Electric” компани тоног төхөөрөмжийн шалгалтын мэдээллийг хуурамчаар үйлдсэнтэй холбоотой дуулиантай холбогдуулан удирдлагуудынхаа цалинг хасахаар болсныг мэдэгджээ.
Дээрх арга хэмжээг нийт 12 хүнд авах аж. Тэдний тоонд компанийн одоогийн ерөнхийлөгч Урума Кэй, хуучин ерөнхийлөгч Сүгияма Такэши, гүйцэтгэх захирал асан Сакүяма Масаки нар багтжээ. Удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс зургаан сарын цалингийнхаа тал хувь, тэтгэврээсээ тодорхой хэсгийг буцааж өгөх бол “Mitsubishi Electric”-ийн одоогийн шилдэг менежерүүд ирэх дөрвөн сарын цалингаа 50 хувиар хасуулна.
Тоног төхөөрөмжийн шалгалтын мэдээллийг хуурамчаар үйлдсэнтэй холбоотой дуулиан Японы зохицуулагч газраас тус компанид хийсэн шалгалтын мэдээлэл нийтлэгдсэний дараа дэгджээ. Уг шалгалтаар “Mitsubishi Electric” компани нь агааржуулагч, тоормосны компрессор, зорчигч тээврийн галт тэрэгний хаалга онгойлгох систем зэрэг бүтээгдэхүүнүүддээ шат дараатай хийдэг шалгалтын мэдээллийг 35 гаруй жилийн турш хуурамчаар үйлдэж ирсэн нь тогтоогдсон байна.
Дээрх дуулиан шуугианы улмаас өмнөх удирдлагууд болох Сүгияма, Сакүяма нар энэ онд албан тушаалаасаа огцорсон юм.