Хийн үнэ өссөний улмаас эрчим хүчний хямрал нүүрлэж болзошгүйг анхааруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /TASS/. Их Британийн эрчим хүчний компаниуд хийн үнэ өсөж байгаатай холбогдуулан Засгийн газраасаа тусламж үзүүлэхийг хүсэж, эс бөгөөс тус улсад хямрал нүүрлэж болзошгүйг анхааруулжээ. Энэ тухай “Daily Telegraph” сонинд салбарын компаниудын шилдэг менежерүүдийн мэдээллээс эш татан бичжээ.
Тус улсад үйл ажиллагаа явуулж буй “EDF”, “Good Energy”, “UK Energy” компаниудын удирдлагууд хийн үнийн өсөлт "салбарыг сүйрлийн ирмэгт авчирсан" тул нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцохыг Засгийн газартаа уриалсан байна. Тус сонинд мэдээлж буйгаар, эрчим хүчний салбарынхан бизнесээ дэмжих, ялангуяа НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах замаар төрөөс дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.
"Энэ бол үндэсний хямрал. Сүүлийн гурван долоо хоногт байгалийн хий, цахилгаан эрчим хүчний бөөний үнэ урьд өмнө байгаагүй түвшинд хүрч өссөн. Энэ салбарт хэн ч өөрийгөө хамгаалагдсан гэж бодох боломжгүй байна” гэж “Good Energy” компанийн гүйцэтгэх захирал Найжел Поклингтон мэдэгджээ. “Energy UK” компанийн тэргүүн Эмма Пинчбек түүнтэй санал нийлж байгаагаа хэлээд, "эрчим хүчний салбарынхан Европод байгалийн хийн үнэ урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрч өсөж байгаатай холбоотойгоор Их Британийн эдийн засагт томоохон аюул заналхийлж байгааг сүүлийн хэдэн долоо хоногт анхааруулсан" гэдгийг сануулсан байна.
Харин “EDF” компанийн хэрэглэгчидтэй харилцах асуудал хариуцсан захирал Филипп Комарре энэ өвөл Их Британи "эгзэгтэй нөхцөл байдалтай" тулгарна гэж мэдэгдэв.
Есдүгээр сар гарснаас хойш Их Британид хэрэглэгчдийнхээ тоогоор долоод ордог “Bulb” зэрэг хэдэн сая хэрэглэгчтэй 20 гаруй эрчим хүчний компани байгалийн хийн үнэ өссөний улмаас дампуурлаа зарлажээ.